-Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна-
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус хүйтэн байна. Оройдоо хүйтэрнэ.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.