Улсын хэмжээнд он гарсаар эхний 12 сарын байдлаар нийт 3826 удаагийн объектын гал түймэр гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 77 хүн нас барж, 47 хүн түлэгдэж гэмтэн, 289толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ.
Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 893 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал түймрийн тоо 8.2 хувиар учирсан хохирлын хэмжээ 28,6 хувиар тус тус өссөн байна. Нийслэл хотын хэмжээнд нийт 2567 удаагийн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1259 удаагийн гал түймэр гарч, 12.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Мөн энэ онд 2018 онд 20543 байгууллага, аж ахуйн нэгж, 144189 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 95203 зөрчил дутагдал илрүүлэн, 40219 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5820 заавал биелүүлэх албан шаардлага, 6269 мэдэгдэл, 292 танилцуулга, 890 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 85 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 185.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2647 удаа, дадлага 1841 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2720 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна. Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 556 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 814 удаа орж ажиллажээ.