Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааж, цэвэр агаар амьсгалуулах үйлчилгээ үзүүлэхээр болсон. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Цэвэр агаарт таван хоног амруулахад найман тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг "Утааны эсрэг" ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан. Саналын дагуу Засгийн газрын судлаж үзэж буй. Маргааш Засгийн газрыын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн" гэж мэдээллээ.
Энэ үйлчилгээнд урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж,65 мянган хүүхдийн хамтаар / 0-5 нас/ хамрагдахаар байна. Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийг тав хоног цэвэр агаарт амраахад ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн. Энэхүү хөрөнгийн нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байгаа аж.