Манай улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад хоёр жил өнгөрч байна. ОУВС-тай хийсэн гэрээний дагуу хэд, хэдэн төрлийн татвар, шимтгэлийг нэмсэн.
Хувь хүний орлогын албан татварыг нэмснээс гадна Хүүхдийн хадгаламжийн хүүнээс хүртэл татвар авсан нь өнгөрсөн хугацаанд иргэдийг багагүй бухимдуулсан. Эрх баригчдыг эдийн засгийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлж хүндрэлээс гарахын оронд иргэдээс авдаг татвараа нэмж төсвөө бүрдүүлж буйд иргэд ихэд дургүйцэж байгаа билээ.
2019 оноос буюу яг нэг сарын дараанаас мөн хэд, хэдэн татвар, шимтгэл нэмэгдэх гэж байна. Тухайлбал
НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛТАН НДШ-ИЙН НЭМЭГДЛЭЭР ЖИЛД 120 МЯНГАН ТӨГРӨГ ИЛҮҮ ТӨЛЖ БАЙНА
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг 2018 оноос үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчилж өгөөд буй. 2018 онд эхний нэмэгдэл нэмэгдсэн. Харин 2019 онд нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувь болгон өсгөх юм.
Өнгөрсөн жил ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, ажил олгогч 11 хувь төлж байсан билээ.Үүний 7 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд төлөгддөг. Харин энэ онд тэтгэврийн даатгалын шимтгэл 8 хувь болон нэмэгдсэнээр ажил олгогч 12, ажилтан 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай ажилтан сард нийгмийн даатгалын шимтгэлдээ 100 мянган төгрөг төлдөг байсан бол энэ онд 110 мянган төгрөг суутгуулж буй. Харин ажил олгогчийн төлдөг 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл дахин нэг хувиар өсч, 120 мянган төгрөг төлөх юм. Нийтдээ 230 мянган төгрөг шимтгэлд явж байна. Ажилтан, ажил олгогч хоёр тус бүр сард 10 мянган төгрөг өнгөрсөн жилүүдээс илүү төлж байна гэсэн үг.
Энэ тооцооллоор, нэг сая төгрөгийн цалинтай ажилтан жилдээ 120 мянга, ажил олгогч мөн 120 мянган төгрөг. Нийт 240 мянган төгрөгийг шимтгэлийн нэмэгдэлд явуулж байна. Ийм хэмжээний арван ажилтантай байгууллагын цалингийн зардал энэ онд 1.2 сая төгрөгөөр өссөн дүнтэй гарах юм. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчлаад байна. Энэ мөн л нэг нэгжээр өссөн үзүүлэлт юм.
ОВУС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөөр байхад МАН түүний гишүүдээс бүрдсэн Засгийн газар эсрэгээрээ төрийн зардлаа нэмэгдүүлж, үүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлж байна. Монголоос өөр улсад бол гол нэрийн экспортын бүтээгдэхүүний татвараа нэмэгдүүлж, төрийн зардлаа бууруулдаг байтал монголд бүх татварын дарамтыг нийт иргэдэд үүрүүлж байна.
АРХИ ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР 10 ХУВИАР НЭМЭГДЭНЭ
Импортын тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварууд 2018 онд 10 хувиар нэмэгдсэн. Харин 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар тус тус нэмэх юм.
Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэнэ гэж тооцоолоод байгаа юм.