Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУУРГАНЫ УЛМААС УРЬДЧИЛСАН ТООЦООГООР ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

 

 

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгах, сэргээн босгох ажил Увс аймагт өрнөж байна. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд урьдчилсан байдлаар нэг тэрбум 10 сая гаруй төгрөгийн зардал гарсныг шийдвэрлүүлэхээр Улсын онцгой комисст уламжлаад байна.

Тухайн үед салхины хурд 12-34 м/с, өрөвхийллөөр 37 м/с хүрч шуурчээ. Байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас цахилгаан дамжуулах агаарын тулгуур 12 багана унаж, 101 айлын гэр, 117 айлын хашаа, малын хашаа саравч, 13 хувийн орон сууц, 23 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр унасан байна. Тэрчлэн Наранбулаг, Түргэн суманд 8 өрхийн 3900 орчим толгой мал салхинд уруудсаныг эрлийн ажлын хэсэг гарч, малыг олоод байна. 

Үүнээс гадна малтайгаа уруудсан хоёр иргэнийг малтай нь эсэн мэнд олж, мориноос унаж бэртсэн иргэнийг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн салхи шуурганы улмаас орон гэргүй болсон 1-3 насны гурван хүүхэд, 20-30 насны хоёр эмэгтэй, нэг өндөр настан болон цасанд боогдсон найман иргэн, нийтдээ 17 иргэний амь насыг аймгийн ОБГ-ынхан авран хамгаалсан байна.

Гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр төр захиргааны 11 байгууллага, 10 сумын ЗДТГ, иргэдээс 460 ажилтан албан хаагч, иргэд, 79 автомашин техник ажиллаж байна. Мөн Ховд, Баян-Өлгий аймгаас болон Цахилгаан түгээх үндэсний сүлжээ компани, Эрчим хүчний яамны Бодлого зохицуулалтын газраас баг ирж ажиллаж байна. Нэгдсэн халаалтад холбогдсон барилгуудад хөлдөлт үүсгэхгүй байх зорилгоор байгууллага, сумдад 58 бага оврын дизель станц ажиллуулжээ. Өнгөрсөн шөнө Дөргөний дэд станцын чиглэлд унасан 9 ширхэг баганийг засварлаж ашиглалтад оруулснаар үүрийн 3 цаг 45 минутаас эхлэн 0,9 мегватын хүчдэл авч Улаангом сумын хоёр дулааны станц болон аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, цахилгаан холбоо зэрэг байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн байна. Өнөөдрийн хувьд Улаангом дэд станцаас 20 км-ийн зайд байрлах, 19, 20, 21 дүгээр цахилгаан дамжуулах агаарын тулгуур баганыг засварлах ажил үргэлжилж байна. Одоогоор тус гурван баганыг нэг бүрчлэн тайлж талбайг цэвэрлээд шинээр угсрах ажил явагдаж байгаа бөгөөд энэ ажил маргааш оройдоо дуусахаар байгаа аж.

“Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хоёр удаа хуралдаж, хүчтэй салхи шуурганы улмаас орон гэргүй болсон айл өрхүүдийн судалгааг нэгтгэн ОБЕГ болон Улсын онцгой комисст хүргүүлэхээр болсон. Мөн Улаангом сумын 10 цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг энэ сарын 29 хүртэл түр хугацаагаар хязгаарлаж байгаа. Мөн Улаангом дэд станцаас 20 км-т байрлах 19, 20, 21 дүгээр цахилгаан дамжуулах агаарын тулгуур баганыг яаралтай засварлах, хэрэглэгчдийг цэвэр ус, дулаанаар хангах, хөлдөлт үүсгэхгүй байх бүх талын арга хэмжээг шуурхай авч ажиллах зэргийг зохих байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод байна” хэмээн аймгийн ОБГ-ын орлогч дарга Д.Өлзийт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан