Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хундаам”-гүй байшин буюу зээлийн хүү

Д.ОЮУНЧИМЭГ

Монголчууд зээл гэх өрийн сүлжээнд аль хэдийнэ хэрэгдсэн. Адаглаад хэрэглээний зээлтэй. Монгол Улсын иргэн Б.Болдынх ам бүл тав. Хашаа байшингийн зээлнээс гадна цалингийн зээлтэй аж. Хашаа байшингийнхаа зээлд сар бүр 525 мянган төгрөг төлнө. Харин цалингийн зээлдээ 108 мянгыг төлдөг юм байна. Мэдээж Б.Болдынх сард 1.5 сая төгрөгийн орлоготой. Хэдийгээр сар бүр зээлэндээ 633 мянган төгрөг төлж байгаа боловч сарын орлого нь хэрэглээндээ хүрэлцэхгүй байгааг гэрийн эзэгтэй учирлав. Жилийн дөрвөн улиралд хүнсний хэрэгцээндээ сард 300-350 мянган төгрөг зарцуулна. Өнгөрсөн өвөл гэхэд зөвхөн нүүрсний зардалд 750 мянган төгрөг зарцуулсан аж.

Энэ мэтчилэн бусад хэрэглээ, хувцас, хүүхдийн хичээлийн хэрэглэл зэрэгт чамгүй мөнгө зарцуулах шаардлага гарч буй учраас тэдний орлого хүрэлцдэггүй хэмээн ярилаа. Мэдээж Б.Болдынх зээлийн хүү буураасай гэж хүсдэг мянга мянган өрхийн төлөөлөл. Тэгвэл зээлийн хүү хэрхэн тогтдог талаар мэдээлэл хүргэе.

ЗЭЭЛИЙН ХҮҮ ХЭРХЭН ТОГТДОГ ВЭ?

Зээлийн хүү гэдэг нь нэг ёсондоо зээлийн үнэ. Аливаа зүйлийн үнэ эрэлт, нийлүүлэлтээс тогтдог. Тэгвэл энэ хууль ч бас зээлийн хүүнд нөлөөлдөг. Тэгвэл арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагууд харилцах, хадгаламжийн хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Энэ нь зээлийн нийлүүлэлт болж буй учраас хүүнд нөлөөлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт нь нэмэгдэх тусам хүү багасах боломж бий. Бүр тодруулбал, зээлийн хүү эдийн засгийн байдал, инфляц, татвар гээд олон зүйлээс шалтгаалан хэлбэлздэг юм байна. Нөгөөтэйгүүр, манай улсад хөрөнгийн захын хөгжил сул байгаагаас үүдэн арилжааны банкууд урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл олгох орчин бүрдээгүй хэмээн эдийн засагчид тайлбарладаг. Энэ нь зээлийн хүү хангалттай буурах нөхцөл бүрдэхгүй байгааг харуулж буй ажээ.

ХАДГАЛАМЖ БА ЗЭЭЛИЙН ХҮҮ

Зээлийн хүүнд хадгаламжийн хүү нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Санхүүгийн салбарын нэг багана болох хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учраас хүмүүс хадгаламжийн хүүг аль болох өндөр байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн үлдэгдэл 12222.7 тэрбум төгрөг байсан бөгөөд 9512.8 тэрбум нь төгрөгийн хадгаламж. Үүнээс 8225.8 тэрбум нь иргэдийнх бол 1287 тэрбум нь аж ахуйн нэгжийнх аж. Хадгаламжийн сарын хүү 12.3 хувьтай байгаа юм. Хадгаламжийн хүүг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.7 пунктээр буурсан байна. Хадгаламжийн хүү 12.3 хувь байгаа энэ үед зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжгүй. Учир нь харилцагчийн хадгаламжийн хүүг олгохын зэрэгцээ банкууд үйл ажиллагааны зардал болоод бусад эрсдэлийг тооцоолон зээлийн хүүгээ тогтоодог юм байна. Мэдээж салбарын өрсөлдөөн, эрсдэл, ашиг, зардал, алдагдсан боломж ч хүүнд нөлөөлөх хүчин зүйл мөн. Үүнээс гадна нарийндаа бол бодлогын хүү болоод зах зээлийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой аж.

Зээлийн хүүд хязгаар тогтооно гэдэг нь хадгаламжийн хүүд хязгаар тогтоохтой адилхан. Банкны хөрөнгийн 90 хувь нь иргэд, компани, төр засгийн хадгаламжаас бүрддэг. Иргэд, компаниуд хүүгийн орлого олох гэж банкинд мөнгөө хадгалуулдаг. Хүүгээс олох орлого нь багасахаар мөнгөн хөрөнгөө банкнаас эргүүлж татах үзэгдэл газар авна. Банкнаас татсан мөнгөн хөрөнгө сүүдрийн эдийн засгаар эргэлдэх, татвараас зайлсхийх, үүний улмаас төсвийн болон татварын орлого буурах, зээлийн үйлчилгээ хумигдах болно гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Нөгөөтэйгүүр банкны зардал нэмэгдээд ашиг буурч байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол буурна. Тэгэхээр банкны салбараа татаж унагана гэсэн үг. Зээлийн нийлүүлэлт саарах, хумигдах, мөнгөний эргэлт хяналтаас гадуур гарах үзэгдлийг хөөрөгдөх болно гэдгийг ч мөн тэд сануулж байна.

БОДЛОГЫН ХҮҮ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУУРЬ…

Бодлогын хүү гэдэг нь мөнгөний нийлүүлэлтийн суурь үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, аливаа улсын Төвбанкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай мөнгөн хөрөнгийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү аж. Харин банк, санхүүгийн байгууллагууд түүн дээр үндэслэн үйлдвэрлэл, бизнесийн салбарт чиглэсэн өөрийн зээлийн хүүг тодорхойлдог байна. Тэгэхээр бодлогын хүү ямар байхаас банкны зээлийн хүү тодорхой хэмжээгээр хамаарах нь. Үүнээс гадна санхүүгийн зах зээл нь хангалттай хөгжсөн улс орнуудад банкны зээлийн хүү харьцангуй бага гэдгийг мэргэжилтэн, судлаачид хэлдэг. Манай улсын хувьд зээлийн хүү хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь инфляц, хадгаламжийн зах дээрх үнийн өрсөлдөөн гээд олон зүйлээс хамаардаг аж. Инфляц тогтвортой бага байж чадвал зээлийн хүү дагаад буурах боломжтой гэдэг. Яагаад гэвэл, улс орны санхүүгийн зах зээл хэт баригдмал, цөөхөн хэдэн тоглогчтой, хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй бол зээлийн хүү бага байх тухай төсөөлөхөд бэрх. Гэтэл өнөөдөр манай улсад эдийн засгийн өсөлт саарсан, хөрөнгө оруулалт гацаанд орчихсон байгаа болохоор инлфяц ч өндөр байхаас аргагүй болжээ.

Санхүүгийн зах зээл зөвхөн банк гэсэн ганц хөлтэй байгаа энэ үед хувьцаа, үнэт цаас, бонд, хөрөнгө оруулалтын компаниуд гээд олон хөлтэй болох учиртай. Ингэснээр олон улсын жишгийн дагуу зээлийн хүү буурах бодит нөхцөл бүрдэх юм байна. Тэгэхээр санхүүгийн зах зээлд хүч хэрэглэх биш харин хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг гарц гаргалгаа, боломжийг эрэлхийлэх учиртай аж. Ямартай ч хундаамгүй байшин барихтай ижил үйлдэл хийхийг санаархахын оронд сууриа сайн бэхжүүлэхийг эдийн засагч, судлаачид анхааруулж буй юм.

СЭЗИС–ийн доктор, профессор Б.Батсүх: ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ХУМИГДАНА

Зээлийн хүү буурч, эрэлт нэмэгдвэл зах зээл дээр “зээлийн хомсдол” үүсдэг. Тухайн тогтоосон хүүгээр зээлийн материалыг хурдан бүрдүүлэх, эсвэл “банкинд нөлөөтэй” хувь хүн, аж ахуйн нэгжүүд зээл авч чадах боловч, зээлийн материалын хувьд “банкны хүнд сурталд өртөх” жирийн аж ахуйн нэгж, хувь хүний хувьд зээл олдохгүй болох эрсдэлтэй. Тиймээс төрийн оролцооны муу үр дагавартай арга хэрэглэх нь зээлийн зах зээлийг урт хугацаандаа гажуудуулах талтай. Нөгөөтэйгүүр, зээлийн зах зээлийн хомсдол нь банкны системийн гадуур “илүү өндөр хүүтэй” өөр нэг далд зээлийн бизнес хөгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх болно. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын хүү банкнаас даруй хоёр дахин өсөх хандлага бий болох юм. Эсвэл хадгаламж зээлийн хоршооны төрөл рүү шилжинэ. Энэ тохиолдолд жижиг аж ахуйн нэгж, иргэд илүү өндөр хүүтэй зээлийг зах зээлээс олох шаардлагатай тулгарна. Нөгөө талаас өндөр хүүтэй хадгаламж татсан арилжааны банкууд үйл ажиллагаа явуулах орон зай хумигдах юм.

“Ард кредит” ББСБ–ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ЦЭЦЭГЛЭН, АЖИЛГҮЙДЭЛ ӨСНӨ

-Төсвийн хяналтгүй зарцуулалтыг хазаарлаж, хяналт, сахилга батыг сайжруулж, татварын мөнгөний зарцуулалтыг хариуцлагажуулах хэрэгтэй. Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ бууруулна, төгрөгийн ханш тогтвортой болно. Монгол Улсын эрсдэлийн төвшин буурсан цагт санхүүгийн байгууллагууд зах зээлийн жамаараа хүүгээ бууруулах болно. Мөн Засгийн газрын бонд нэрээр 15 хувийн эх үүсвэрийг татаж авдгаа хязгаарлаж, тэр мөнгө банкнаас хувийн хэвшлийн бизнест очих боломж бүрдэнэ. Ер нь тогтворгүй эдийн засагт төгрөгийн ханш хэдхэн жилийн дотор 50-60 хувь унаж байхад зээлийн хүү өдий зэрэгтэй байгаа нь их юм. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль гараад эхэндээ олон хүн алга ташиж, улстөрчид мундаг зүйл хийсэн гэж ярих байх. Дунд болон урт хугацаандаа энэ нь харин эсрэг үр дүнд хүрч, нийгэм, эдийн засагт нөхөж баршгүй хохирол авчирна. Энэ хуулийн үр дүнд олон жижиг бизнес зогсч, далд эдийн засаг цэцэглэн, ажилгүйдэл нэмэгдэнэ. Мөн хууль бус зээл өгдөг хүмүүс маш ихээр гарч ирэх бөгөөд санхүүгийн салбарт авлигал хээл хахууль нүүрлэх эрсдэлтэй.

Эх сурвалж: www.polit.mn

20 Сэтгэгдэл
Jiliin jild iim hogiin yum yarij baih yumaa.Ene asuudluudaa shiidej ogooch ter hariutsan gazaruud ni
Яагаад Энэ банкууд хүүгээ ингэж өндөр тавьдаг юмбэ.Энэ хэрэггүй зүйлүүдийг уншаад юу ч ойлгосонгүй дэг.
Suuliin ued sanguudaas baga huiutei zeel garch bhd ariljaanii bankuudiin zeeliin huu buurah bolomjtoi gj ard tumen yarij bn ene tashaa oilgolt.
Энэ төр засгийн идээд байгаа гишүүд энэ зүйлд ч хамаатай шүү дээ.Цаанаасаа шаардлага тавьсан байж ч магадгүй юм
Mongol uls ediin zasgiin ersdelgui bolson tsagt l ene zeeliin huu gdg zuil buurah baihdaa
Монголбанк бодлогын хүүгээ бууруулна, төгрөгийн ханш тогтвортой болно шүү дээ.Монголбанк л бүх зүйлд нөлөөлнө шүү дээ
Монгол улсын Хүн ам зах зээл нь балчирдаад байгаа болохоор л Ингээд өндөр тогтоогдоод байгаа юм шүү дээ.Бусад орон шиг хүн ам их зах зээл нь ч том байвал ийм зүйлүүд яригдахгүй
Бусдын хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс гүйлгээнд гаргаж байдаг санхүүгийн зуучлагч юм.Банкууд Иргэдээс авч байгаа Зээлийн хүүгээрээ ашиг орлогоо олдог гэсэн үг шүү дээ.
Монголын банкууд хамгийн эрсдэл багатай, найдвартай зээлдэгч хайж ядаж байгаа энэ үед зээлийн хүүгийн хязгаар тогтоочихвол энгийн иргэдэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэг төгрөгийн зээл олдохгүй
Нэг үгээр Тиймээс зардлаа нөхөж, эрсдэлээ тооцож, ашгаа харж байж зээлийн хүүг тооцож гаргана гэсэн үг дээ
Яг хэвээр нь иргэдэд зээлүүлхүү дээ.Тэр хэвээр нь зээлээд байвал тэд нар чинь ямар ашиг орлого олох вэ дээ.Хүмүүс жаахан наантай цаантай зүйлүүдийг бодмоор юм орк царайлаад байдагаа болих хэрэгтэй.
Хүмүүс сонин юм яриад байх юмаа.Банкууд юу гэж л гадаадаас тогтоосон зээлийн хүүгээ
Mini oiglsnoor mania bankuudiin buruu gej alga tsaanaasa uls tor togrogiin hansh gd uls ornii ediin zasag gd bugdengees ni shalgtgaalaad l zeeliin huu togtoogdoj baina shude
Зээл санхүүгийн бүтээгдэхүүн. Микро эдийн засаг талаас нь авч үзвэл шүү дээ
Иргэд Өндөр хүүтэй мөнгө татаж, хадгалж байгаа учраас зээлэхдээ илүү өндөр хүү тогтоохоос өөр сонголттой гэж ярьж, иргэдэд ойлгуулдаг
Өндөр хүүтэй хадгаламж татдаг, тэр нь бараг хэвшил болчихсон шүү дээ
Улс төрчид юм мэдэхгүй байж зөвхөн хадгаламжийн хүүтэй л холбож тайлбарлаад байгаа юм.
Эхлээд зээлийн хүү яаж тогтож байгаа вэ гэдгээ нарийн сайн ойлгомоор юмдаа
Эдийн засгийн эрсдэлийн хэмжүүр гэдэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.
Тийм шүү. Зээлийн хүү чинь тухайн улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байдаг болохоос дурын нэг хүн тогтоодог зүйл биш шүү дээ
Хамгийн их уншсан