Өнгөрсөн оны наймдугаар сард онц ноцтойгоор амиа алдсан 13 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих шийдвэр гарсан бөгөөд талийгаач охины аав Т.Лхагвасүрэн "Айхтар хүнд хурал боллоо. Энэ жил гурван сарын хугацаанд чин сэтгэлээ зориулж, зүтгэж хамт байсан хоёр өмгөөлөгчдөө юуны өмнө баярлалаа гэж хэлье. Дээрээс нь надтай адилхан сэтгэл гаргаж хандив тусламж үзүүлж, сэтгэл гаргаж байсан бүх бүх ард түмэндээ баярласан талархсанаа илэрхийлж байна. Шүүх бүх насаар нь хорих ял өглөө. Би Монголын шүүхийг үнэн шударга шүүж чадлаа гэж бодлоо. Сэтгэл санааны нэхэмжлэлийг сүүлд иргэний хэргийн шүүхээр шийдүүлнэ" хэмээлээ.
Хэрэгтэн М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.