Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэсгийн анхан шатны шүүх өнөөдөр хуралдаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан бол Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдуулсан байна. 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож 30 хоногийн хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.Гандаваагий урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 103 хоногийг нэмж нэгтгэн нийт 133 хоногийн хорих ялаар шийтгэв.