Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мансуурах донтныг албадан эмчлэх тухай хууль танд олгож буй нэг боломж

НҮБ-ын Олон улсын Мансууруулах бодисын хяналтын зөвлөлийн Тэргүүн дэд дарга Вэй Хао манай улсад өнгөрсөн долдугаар сард ирэхдээ “Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг эмчлэх нь чухал. Хар тамхи хэрэглэсэн хүнийг өөр төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүстэй хамт хорих нь асуудал үүсгэдэг. Төрөөс тэдгээр иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, сэтгэл засал үзүүлэх нь илүү үр дүнтэй. Танай улсын нөхцөл байдал 10 жилийн өмнөх БНХАУ-тай адил байна. Тухайн үед Хятад улс мансуурсан иргэдээ эмчлэх, хорихоос өөр үр дүнтэй аргаар аврах чиглэлээр туршлага дутуу байсан. Тийм учраас мансуурсан иргэдийг эмчилгээгүйгээр хорьдог байсан. Одоо өөрчлөлт гарч, БНХАУ хууль сахиулах байгууллагадаа эрүүл мэндийн суурьтай хүмүүсийг бэлтгэж байна. Хор тайлах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх эмчилгээ, сургалтууд нь үнэгүй. БНХАУ-ын хувьд хар тамхи, мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх, донтогчдыг эмчлэх чиг үүргээ НАХЯ нь хариуцдаг. Ийм учраас танай улсад БНХАУ-д нэвтрүүлсэн туршлага хэрэгтэй байж болох юм” хэмээн ярьж байсан удаатай.

Улс орны шүдний өвчин болсон уг асуудалтай БНХАУ гурван төрлөөр тэмцсэн байдаг. Эхнийх нь, нийгэм рүү чиглэсэн ажил. Энэ нь гэмт хэрэг гарахаас болон ХДХВ тарахаас сэргийлдэг байна. Хоёр дахь нь, хар тамхи хэрэглэдэг хүмүүст сайн дураараа эмчилгээнд хамрагдах боломжийг олгодог бол гурав дахь нь удаа дараа хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийг хоёр жил хүртэлх хугацаагаар албадан эмчилгээнд хамруулж байгаа юм.

Харин манай  улс Эрүүгийн хуулийн шинэчлэл хийхдээ хар тамхитай тэмцэх ялын бодлогыг өмнөхөөс нь чангалсан ч  үр дүн нь төдийлэн сайн харагдахгүй байгаа. Хэдийгээр мансуурсан иргэдээ олон жилээр шоронд хорих зорилгогүй ч  донтогчдыг эмчлэх, эдгээх чиглэлээр туршлага муу, боловсон хүчин хангалтгүй гэх шалтгааны улмаас одоогоор шоронд л хийж буй юм.

Мөн манай донтох эмгэгийн клиник төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг нь ч үүнд нөлөөлдөг гэх нь бий.  Үүнийг нь  холбогдох байгууллагын мэргэжилтнүүд “Тухайн иргэн өөрийгөө ийм байдалд хүргэсэн учраас өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой” гэж тайлбарладаг.

Тэгвэл "Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль" 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Ямар тохиолдолд эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлуудыг тус хуульд нарийвчлан тусгасан байдаг ч хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж явсаар иржээ. Тиймээс зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийг шинэчлэн найруулсан.

Шинэчлэн найруулсан хуульд:

-Албадан эмчлэх эмнэлэгт эмчлүүлэхээр ирж байгаа хүнийг хүлээн авах ажиллагааг дэлгэрэнгүй тусгасан.

-Албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулж байгааг хуулийн төсөлд хэвээр үлдээсэн. Мөн сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаар заасан болно.

-Албадан эмчлэх эмнэлгийн зардалд тооцож оруулах шаардлагатай эмчилгээнд хамрагдаж байгаа хүнд илэрсэн бусад өвчин эмгэгийг эмчлэх, эмнэлгийн хувцас, эмчилгээний хоолны болон өвчтөний ирэх, буцах зардлыг холбогдох зүйлд тусгайлан заасан.

-Албадан эмчлэх эмнэлгийн санхүүжилтэд Архидан согтуурахтай тэмцэх сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр байж болохоор заасан.

-Мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болно.

-Эмчлүүлэгч өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдалд орсон тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заасан журмын дагуу тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэж болохоор заалт нэмсэн.

-Сургалт зохион байгуулах, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр байрлуулан асрамжлах зэрэг үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ. 

"Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байгаа.  Ямар тохиолдолд албадан эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлыг тус хуульд нарийвчлан тусгасан байна билээ. Судалгаанаас үзэхэд гадаад улсад донтох өвчинтэй тэмцэх нь өндөр өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ шаарддаг хэдий ч уг үйлчилгээ нь нийгэмд хэмжихээргүй эерэг үр дүнтэй байдаг тул албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан