-Бид тэдний мууг дуурайсан шигээ сайныг ч гэсэн үлгэрлэн дуурайх хэрэгтэй-
““Та нар хамт тамхилах уу?” Хожмын амьдралд маань хор хөнөөл дагуулсан урилга. Би дөнгөж 17 настай, бүрэг ичимхий, өөртөө ямар ч итгэлгүй байхад маань нэгэн танил маань гашиштай тамхи санал болгосон юм. Тэр цагаас хойш гашишны хэрэглээ миний амьдралын салшгүй нэг хэсэг болж, тамхи хэрэглэхэд илэрдэг гадаад шинж тэмдгүүдээ сайтар нууцалж чаддаг байв. Тухайн үед би бүхнийг хяналтандаа байлгаж байгаа гэж бодож байсан боловч би хяналтаа алдаад өчнөөн хугацаа өнгөрөөд байжээ. Ганц балга ус ходоод руу оров уу, үгүй юу бөөлжис цутгаж, гүйлгэж дагжин чирирч, шөрмөс татан хүйт даан хамаг биеэр өвддөг байв. Нөхцөл байдал намайг үхэхийг хүсэхэд хүргэхээр тийм хэцүү байлаа. Үнэ цэнэтэй бүх эд хэрэгслээ би зарж борлуулан банкинд их хэмжээний өртэй болсон. Турж эцэн бие маань зүгээр л сэг болж хувирсан. Хар тамхинаас гаргах эмчилгээ хийлгэхээр 4 удаа эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд би зүгээр л үхэхийг хүсдэг байв, үнэхээр гарах гарцгүй, яахаа мэдэхээ байсан. Нэг удаа өөртөө “Одоо чи гашиш татахаа болино” гэж хэлж билээ. Энэ тухайгаа ахдаа хэлсэн ч надад итгээгүй. Учир нь би өмнө нь дэндүү олон удаа ингэж хэлсэн юм. Гэсэн хэдий ч тэр оройноос эхлээд би нэг ч удаа хар тамхи хэрэглээгүй. Хачирхалтай нь биед донтолтын зовиур ч илрээгүй. Бруно Грёнингийн сургаалийг дагах болж, эргээд амьдралын асар их баяр хөөрийг мэдэрч гэр бүлтэйгээ ахин сайхан холбоотой болж өглөө бүр сэрээд амьдарч байгаадаа баярладаг болсон. Эргээд хэвийн жинтэй болж ажил хөдөлмөр ч эрхэлж эхэлсэн. Хар тамхинаас хамааралтай болсон тэр үеийн 20 найзаас минь өдгөө 5 нь амьдарч байгаа” гэх нэгэн эмэгтэй Австрийн Вельст амьдардаг байна.
Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн хорь нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн наян хүн нь хар тамхинд татагдан ордог, эргээд гарч чаддаггүй гэх мэдээлэл нийгэмд бий.Хэдийгээр мэргэжлийн хүмүүс эмчилгээний явцад таван хувийн эдгэрэлттэй байдаг гэдэг ч энэ мэт жишээгээр хорт зуршлаасаа салж чадсан олон хүн байдаг юм байна.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хар тамхи хэрэглэж байгаа хүүхэд, залууст судалгаа хийж үзсэн. Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн гэж хариулсан байна лээ. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон” гэж ярьжээ.
Тэгвэл өөрөө хүсэх юм бол энэхүү хорт зуршлаас ангид байж чаддаг юм гэсэн гэгээн сайхан мэдээ ч олон байдаг юм байна.
Олны танил хийгээд хар тамхинд толгойгоо мэдүүлсэн оддын донтолтоосоо ангижирч чадсан жишээнүүдээс уншигч танд хүргэе. Хэрвээ хүн хүсэх л юм бол ямар ч бэрхшээлийг даван гарч чаддаг гэдгийг илтгэж чадсан тэдний талаарх мэдээлэл донтолтоосоо салж чаддаггүй хүмүүст маань нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэх биз ээ.
Эминем
46 настай рэп дуучин, хөгжмийн продюсер, жүжигчин түүнийг шинэ зууны эхний арван жилийн хамгийн орлоготой дуучин гэдэг билээ. Тэрээр хар тамхи хэрэглэхээс болиод олон жилийг үдэж байна. Хар бараан тэрхүү өдрүүдийнхээ тухай тэрээр “Хар тамхи намайг боомилж, тархийг минь ажиллагаанаас гаргахаа шахсан. Ямар ч байсан миний сэтгэх хурд саарч, би дэндүү залхуу болсон билээ. Иймд би өөрийгөө хүчлэн сэтгэл доторхи бугтайгаа жинхэнэ утгаараа тэмцэлдэж эхэлсэн. Ямар ч байсан эрүүлдээ ч давгүй рэп зохиож болдгийг би нотолж чадсан. Тэр цагаас хойш "Бүх зүйл миний хувьд шинээр эхэлсэн. Мөн байгаль дэлхийн сайхныг би огт мэдэрдэггүй байснаа ойлгосон. Өмнө нь би бухимдуу, ууртай байсан бол одоо энэ бүгд инээд хөөрөөр солигдож хүмүүсээр тоглох, тэднийг хөгжөөх болсон" гэжээ. Тэрээр одоогоос арав гаруй жилийн өмнө мансууруулах бодисоо хэтрүүлэн хэрэглээд золтой л үхээгүй. Тэр цаг мөчөөс хойш Эминем архи болон хар тамхины хамаарлаас ангижруулах хөтөлбөрт хамрагдаж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн байдаг. Эмнэлгээс гарч ирээд Эминем маш их хүндрэлүүдтэй учирсан ч тэр бүхний ард тэсвэрлээд гарсан нэгэн юм.
Элтон Жон
Олон жилийн турш хар тамхи хэрэглэж, амиа боддог бэртэгчин нэгэн явснаа Элтон Жон нуудаггүй. Тэрээр 1970-1980-аад оны үед элдэв үдэшлэг, зугаа цэнгэлийн байнгын оролцогч байсан бөгөөд нэгэн удаа өөрийнхөө зохион байгуулсан үдэшлэг дээр тун хэтрүүлэн үхэх дөхсөн гэдэг. Өөрийнхөө зохион байгуулсан үдэшлэг дээр үхэх шахсанаас хойш тэрээр хорт зуршлаа хаяхаар шийдэж, хар тамхины хамаарлаас гарч бусдад энэ тал дээр тусалдаг болсон билээ. Тэрээр олон арван оддыг хорт зуршлаас нь салгасан нэгэн. Тэдний нэг болох дуучин Лэди Гага. Тэрээр “Би цагтаа архи, хар тамхийг ихээр хэрэглэж байсан Элтон Жон зэрэг олон хүнтэй нөхөрлөдөг. Тэр надад нэг өдөр шууд л “Гага, чи дэндүү их татаж байна” гэж хэлсэн. Тэр намайг үнэндээ аварсан юм” гэж ярьсан байна. Гага өөрийн хамгийн сайн найз Бо О’Коннорын хуримын ёслолыг бараг санахгүй байсан учир өөрийгөө болохоо байж байгаа юм байна гэдгээ ойлгосон гэдэг.
Бритни Спирс
Алдарт дуучин Бритни 2005, 2007, 2008 оны үед хар тамхинд донтон, Пенсилван муж дахь эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Тэрээр одоо өөрийгөө хар тамхинаас бүрэн ангижирсан хэмээн олон нийтэд байнга хэлдэг. Мөн 2007-2008 оны үед түүний продюссер Сэм Лафти дуучин бүсгүйг сэтгэлзүйн хямралаа даван туулахад нь тустай хэмээн мансууруулах бодис хэрэглэхийг зөвлөж байсан ч тэрээр дахин хэрэглээгүй билээ. Одоо тэрээр өөрийн өнгөрсөн амьдралаасаа, хэрхэн өөрчлөгдсөн тухай хүмүүст ярих болжээ. Спирс Холливудын сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Та бүхэн шинэ Бритниг харж байна. Хар тамхинаас гарч болдог юм шүү” хэмээжээ. 37 настай тэрээр Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт орших тансаг зэрэглэлийн зочид буудалд өөрийн зоогийн газрыг нээж тун амжилттай яваа.
Хар тамхины хамаарлаас ангижирч чадсан урлагийн алдартнуудын нэрс поп дуучин Пинк, жүжигчин Деми Мур гээд цааш хөвөрнө. Тэгвэл манай урлаг соёлын алдартнуудаас ч энэ хар ангал руу хөл алдсан нь бий. Тэдний төлөөлөл болсон “GUYS” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхи болон мансууруулах бодисны хор хөнөөлийг сурталчлах, цаашлаад өөрт тохиолдсон явдлаасаа сургамж авч бусдад сайн үйл түгээхийг зорьж буй.
Тэрээр “Хүүхэд, залууст хандаж хэлэхэд, олны танил хүмүүс ч бай, нэр хүндтэй улстөрчдийн хүүхдүүд ч бай тэр мөс гэх зүйлийг нэг ёсны анх удаа хэрэглэсэн бол дараа нь шууд донтолттой болно. Энэ зүйлээс гарах, намайг өдий зэрэгтээ болгосон гол зүйл нь ээж, ах, дүү, найз нөхдийн маань надад эргээд итгэсэн итгэл. Надад урам хайрласан хайр чухал нөлөө үзүүлсэн. Тэрнээс биш ямар нэг эмнэлгээр яваагүй. Хар тамхи буюу мөс гэдэг зүйлийг хэрэглэснээр хүн 72 цаг унтахгүй байхаар яах вэ. 72 цаг юм идэхгүй байхаар хүнд ямар нөлөө үзүүлэх вэ. Хүний биед маш муу сөрөг үзүүлэх нь тодорхой. Үр дагавар нь эцсийн байдлаар худал хуурмаг, ганцаардал. Дээр нь шорон, тэгээд үхэл хүлээнэ гэсэн үг. Өөр юм байхгүй” гэж ярьж байсан удаатай.
Тиймээс урлаг соёлын оддыг дуурайж хар тамхинд донтсон шигээ тэдний сайн сайхан руу тэмүүлсэн тэмүүллийг нь ч гэсэн үлгэрлэн дуурайх хэрэгтэй юм.