Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мансууруулах болон согтууруулах ундаанд ДОНТОГЧИДтой ТЭД ингэж тэмцдэг

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Одоо тавдахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж УИХ-ын чуулганд өргөн барихаар болсон билээ.

Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон байна. Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенци болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орсон. Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид “Энэхүү конвенцийг соёрхон баталсан Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээнэ” гэж, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож, “...хүмүүжлийн арга хэрэгсэл болгох...” зэрэг зорилгоор ашиглахыг таслан зогсоохоор тус тус заасан.  Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг сэтгэцийн эмгэг өвчний олон улсын ангиллын системд согтуурах, мансуурах донг сэтгэцийн эмгэгт тооцдог. Иймд согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш, харин түүнийг донтой болсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байгааг нь харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэж байгаа арга тул дээрх конвенцид нийцүүлэн хуулийн төслөөс албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хасчээ.

Хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.

Бусад зарим улс хар тамхи, мансууруулах бодисны донтолттой хэрхэн тэмцдэг бэлтгэн талаар хүргэж байна.

Австралийн Шинэ өмнөд уэльс

Австрали улс нь эм болон согтууруулах ундаанд донтохыг гэмт хэрэг бус нэг төрлийн өвчин гэж үзэж 1990-ээд оноос эхлэн хандаж иржээ. Шинэ өмнөд уэльсийн “Мансууруулах болон согтууруулах ундаанд донтох өвчнөөр өвчлөгсдийг эмчлэх тухай” хуулийн зорилго нь донтох өвчнөөр өвчлөгсдийн эрх, ашгийг хамгаалах, сайн дурын болон албадан журмаар дарамт хязгаарлалт багатайгаар эмчлэх, улмаар тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэдэг байна. Гол онцлог нь донтох өвчнөөр өвчлөгсдийг богино хугацаанд халамжлан эмчлэх, хорыг гадагшлуулах, эсхүл урт хугацаанд тодорхой төлөвлөөгөөний дагуу нөхөн сэргээх эмчилгээг үргэлжлүүлэхийг дэмжин ажиллахын чухалд тооцдог аж. Уг хуулийн дагуу албадан эмчлэх хугацаа нь 28 хүртэл хоног байдаг ба шүүхийн шийдвэрийн дагуу гурван сар хүртэл сунгаж болдог байна. Итгэмжлэгдсэн эмч нь донтогчийг үргэлжлүүлэн эмчлэх нь хүлээж буй үр дүнд хүргэхгүй мөн түүнийг хуульд тодорхойлсон донтох өвчнөөр өвчлөгч гэдэгт хамаарахгүй боллоо гэсэн тохиолдолд донтогчийг эмчилгээний төвөөс чөлөөлөх эрхтэй байдаг.

Донтох өвчнөөр өвчлөгсдийг эмчлэх асуудлыг тус улсад эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хариуцан ажилладаг. Уг механизмын дагуу эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тэргүүн нь ерөнхий хянагч (principal official visitor), мөн хянагч нарыг (official visitor) томилдог. Эдгээр үүрэг хүлээсэн албан тушаалтнууд өвчтөний аюулгүй байдал, эмчилгээтэй холбоотой асуудлуудын талаар албан ёсоор мэдээгдэхээс гадна Албадан эмчилгээнд хамрагдах шүүхийн шийдвэрийг буруу, үндэслэлгүй гэж үзэж байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд (Administrative Decisions Tribunal) хандаж холбогдох шүүхийн шийдвэрийг хянуулах эрхтэй байна.

Швед

Шведийн Нийгмийн халамжийн тухай хуульд донтох өвчтэй хүн уг өвчнөөс ангижирахад шаардлагатай тусламж, халамжийг хүртэх эрхтэй байхаар зохицуулсан байдаг аж. Гол зорилго нь шийтгэх бус эмчлэх, нийгэмшүүлэхэд явдал юм. Мансууруулах бодис болон согтууруулах ундаанд донтогчдыг халамжлах тухай (Care of Alcohol and Drug Abusers Special Provisions Act), Мансууруулах бодис болон согтууруулах ундаанд донтогч хүүхэд залуусыг халамжлах тухай (Care of Young Persons Special Provisions Act) хуулиуд нь тусгайлсан зохицуулалттай байдаг. Хувь хүний онцлог хэрэгцээнд тохирсон эмчилгээ үзүүлэхийг эдгээр хуульд заажээ.

Албадан журмаар эмчлэхээс илүүтэй сайн дураар эмчилгээнд хамрагдах явдлыг дэмждэг. Швед Улсад согтуурах, мансуурах донтох өвчинтэй тэмцэхэд нийгмийн ажилтнууд голлох үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, өвчтэй хүмүүсийг олж илрүүлэх, хоргүйжүүлэх, эмчилгээний төвүүдтэй холбох, эмчилгээний дараах сувилгаа, нийгэмшүүлэх ажилд оролцож, цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага, өвчтөний ойр дотны хүмүүстэй холбоотой ажилладаг. Албадан эмчилгээний гол зорилго нь өвчтөнийг ухуулан сэнхрүүлэх, түүнийг сайн дураар үргэлжилсэн эмчилгээнд хамрагдах урам зориг өгөх, эмчилгээний явцад өвчтөний зүгээс гаргах зүтгэлийг бий болгоход чиглэдэг аж.

Дээрх хуулиуд албадан эмчлэх зохицуулалттай боловч өвчтөнийг халамжлах асуудлыг гол болгосон бөгөөд дунджаар зургаан сарын хугацаатай албадан эмчилдэг. Мөн албадан эмчилгээнд хамрагдахгүйгээр албадан эмчилгээ үзүүлэх эмнэлгээс гадуур буюу бусад эмнэлгийн байгууллагын хяналт дор эмчилгээ хийлгэх боломжтой. Донтох өвчинтэй холбоотой эмчилгээний асуудлыг хариуцах гол байгууллага нь Үндэсний эмчилгээний зөвлөл (National Board of Institutional Care) бөгөөд дүүргийн захиргааны хэргийн шүүх (Administrative County Court) нь албадан эмчилгээнд хамруулах талаарх шийдвэрийг гаргадаг. Үндэсний эмчилгээний зөвлөл нь донтолтын эмчилгээг хариуцан ажилладаг учир нэгдсэн байдлаар эмчилгээний төвүүдэд чанарын хяналт тавьж, эмчилгээний төвүүдийг өвчтөн бүрт тохирох шаардлагатай нөхцөл байдлыг бүрдүүлэх байдлаар төрөлжүүлсэн байдаг байна.

Тухайн нэг эмчилгээний төвүүд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон өвчтөнүүдийг, зарим байгууллага нь донтолтын улмаас тархи гэмтсэн, ходоод шархалсан зэрэг суурь өвчтэй болсон өвчтөнүүдийг, нөгөө хэсэг эмчилгээний төв нь тусгай анхаарал халамж шаардлагатай өвчтөнүүдийг хариуцан эмчилдэг бол мөн хүйсийн хувьд ялгавартай байдлаар өвчтөнүүдийг хүлээн авдаг эмнэлэгийг байгуулжээ. Өмнө нь зарим эмчилгээний төвүүд байнга зөрчил гарган, үймээн дэгдээдэг өвчтөнийг авахаас зайлсхийдэг байсан бол эмчилгээний төвүүдийг төрөлжүүлэх бодлогын ачаар хувь хүний онцлог хэрэгцээнд тохирсон эмчилгээ үзүүлэхийг асуудлыг амжилттай шийдвэрлэжээ.  Үндсэндээ төрийн халамжийн бодлого сайн учраас үйл ажиллагаа болон эмчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор өвчтөнүүдийг албадан ажил хийлгэдэггүй байна.

АНУ-ын Флорида муж

АНУ-ын Флорида мужийн Сэтгэцэд нөлөөт бодист донтох өвчнөөр өвчлөгсдийг эмчлэх тухай Марчманы Хууль (Florida Law on Substance Abuse Treatment or Marchman Act) уг харилцааг зохицуулдаг. Уг хуулийн дагуу халамжлан эмчлэх сүлжээг (system of care) тодруулбал: согтуурах, мансуурах донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нийгэмшүүлэх, гэр бүлийн харилцааг дэмжих болон бэхжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн цогц бодлогыг тодорхойлсон.

Ялангуяа уг хуулийн хүрээнд урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эдгээр арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх асуудлыг хуульд тусгасан байдаг. Сургуулийн наснаас нь эхлэн донтох өвчний талаарх ойлголтыг хүүхдүүдэд олгуулах, тэднийг энэ аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой. Хуулийн хүрээнд эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, сурталчлах, эрүүл гэр бүлийг дэмжих, олон нийтийн дунд, ажлын байранд мөн сургуулийн хүрээнд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарсан. 

Марчманы Хууль нь донтох өвчнөөр өвчлөгсдийг сайн дурын үндсэн дээр эсхүл албадан эмнэлгийн дүгнэлтийг эмчилгээнд хамруулах харилцааг зохицуулсан. Хуульд Хүүхэд болон Гэр Бүлийн Халамж Үйлчилгээний Төрийн Захиргааны Байгууллага (Department of Children and Family Services) нь донтох өвчинтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллахаар заасан байдаг. Донтох өвчтэй этгээдийг тодорхой бодис хэрэглэхэд өөрийгөө удирдах чадваргүй, өөртөө хяналт тавьж чадахгүй болсон, өөрийн болон бусдын эрүүл мэндэд хор уршиг учруулах аюултай; өөрийн ухамсраар донтох өвчнөөс ангижрах эмчилгээнд хамрагдах талаар шийдвэр гаргах чадваргүй гэж итгэж байгаа тохиолдолд албадан эмчилгээнд хамруулахаар заажээ.

Цагдаагийн байгууллага нөхцөл байдлыг эмчид мэдэгдсэнээр 72 цагийн дотор эмч эмнэлгийн дүгнэлт гаргаж эмчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэр гаргадаг байна. Шүүхийн шийдвэрийг донтох өвчтэй хүн, түүний ойр дотнын хүмүүс нь үндэслэлгүй хэмээн давж заалдах боломжтой бөгөөд шүүх ажиллагаанд донтох өвчтэй хүн өмгөөлөгч авах, төлбөрийн чадваргүй тохиолдолд хуулийн зөвлөх авах эрхээр хангагдсан байдаг аж. Холбогдох дүүргийн шүүх нь (county court) албадан эмнэлгийн дүгнэлт гаргуулах болон албадан эмчилгээнд хамрагдах талаар шийдвэр гаргадаг. Хуульд санхүүгийн асуудлыг нарийвчлан зохицуулж өгсөн ба шууд төсөв төсөвлөхөөс гадна хүмүүнлэгийн ажиллагааны, шашны зэрэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар тусгагдсан. Тиймээс донтох өвчнийг эмчлэх хүрээнд улсын, хувийн салбарын байгууллагуудаас гадна шашны болон хүмүүнлэгийн байгууллагууд маш өргөн хүрээнд ажилладаг.

Оросын холбооны улс

Одоо хэрэгжиж буй Оросын холбооны улсын Захиргааны зөрчлийн тухай хуулийн (Кодекс РФ об административных правонарушениях) дагуу донтуулагч бодис хэрэглэсэн этгээдэд 4-5 мянга хүртэл рублийн торгууль ногдуулах, эсвэл 15 хүртэл хоног захиргааны хариуцлага хүлээлгэн баривчилдаг байна. Донтуулагч бодисын талаар Донтуулагч болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хуульд (Федеральный закон о наркотических средствах и психотропных веществах) тодорхойлсон ба уг хуульд донтуулагч бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн тэдгээрийн нэгдэл гэдгийг тус тусад нь тодорхойлсон байдаг аж. Захиргааны хариуцлагыг халан донтох өвчнөөр өвчлөгсдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилж байх хуулийг батласан байна. Мөн Орос улс нь донтох өвчнөөр өвчлөгсдийг албадан эмчлэх хэм хэмжээ тогтоож, албадан хөдөлмөр эрхлэхийг халсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан