Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн хичээлээр мансууруулах бодисын талаар хангалттай мэдээлэл өгч чадах уу

Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээсэн байдаг.

Гэвч үүрэг хариуцлагаа ухахсарлан, төдийлэн сайн биелүүлж чадахгүй байгаа дүр зургийг энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа  тоо баримтуудаас бэлхнээ харж болно. 

Энэ оны арван сарын байдлаар хар тамхитай холбоотой 162 хэрэгт 312 хүн холбогдон шалгуулж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 78 хэргээр буюу 92.8 хувиар хэргийн тоо өссөн бөгөөд холбогдогч нь 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тэдний дунд таван сурагч, гурван оюутан байгаагийн хамгийн бага нь 13 настай охин. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн талаарх мэдээллийг сөхөж үзвэл, 

  • 2016 онд  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан.
  • 2017 оны 11 дүгээр сард ЦЕГ, Сурагчдын холбоотой хамтран судалгаа хийхэд  201 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаа нь  илэрсэн. Хамгийн бага нь 13-14  настай хүүхэд.
  • 2017 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ.
  • Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байжээ. 
  • Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, Нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг…  гээд цааш хөөхийн бол тоо томшгүй их мэдээлэл гарч ирж байна.

Мөн мэргэжлийн байгууллагуудын ерөнхий боловсролын сурагчдын дунд хийсэн санамсаргүй судалгаараар дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн болж таарч байгаа юм.

Үүнийг эцэг, эхийн хараа хяналт муу байгаатай холбон тайлбарлаж байгаа ч хүүхдүүдийг энэ төрлийн гэмт хэргийн золиос болгохгүйн тулд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл гэж юу вэ, энэ төрлийн гэмт хэргийн ойлголт, түүнээс сэргийлэх арга зам, эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийн талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагын хүмүүс хэлдэг.

Тэгвэл судалгаанд хамрагдсан хүүхдүүд энэ талын мэдээллээ хэрхэн олж авдаг талаарх мэдээллийг хүргэе. 

Судалгаанд хамрагдагсдын олонхи нь мансууруулах эм бодисын талаархи ойлголттой, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээс /65,3%/ түлхүү авдаг гэжээ. Харин мансуурах эм бэлдмэлийн хор хөнөөлийн талаарх өөрсдийн мэдлэгээ дунд зэрэг гэж үнэлсэн бөгөөд хэтрүүлэн хэрэглэснээс бие махбодид учрах хор хөнөөлийн талаар төдийлэн сайн мэдэхгүй гэсэн байна. Түүгээр ч зогсохгүй ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлээр мансууруулах эм бэлдмэлийн хор хөнөөлийн талаар огт ордоггүй гэж ихэнх хувь нь хариулсан байгаа юм.

Тэгвэл энэ жилийн хичээлээс эхэлж 4-12 дугаар ангийн сургалтын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн хичээлийг багтааж долоо хоногт нэг цаг, бүтэн хичээлийн жилд нийт 33-35 цаг эрүүл мэндийн хичээлийг судлахаар болсон. 4-12 дугаар ангид заах эрүүл мэндийн хичээлийг нийгмийн хэрэгцээ, орон нутаг, сургуулийн онцлог, суралцагчдад тулгамдаж буй асуудалд тулгуурлан үндсэн зургаан сэдэвт хуваасан байдаг. Тодруулбал,

Хувийн болон орчны эрүүл мэнд
Хооллолт, хөдөлгөөн
Сэтгэцийн эрүүл мэнд
Хорт зуршил
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд
Жендэрт суурилсан хүчирхийлэл гэсэн сэдвийн дагуу хүүхдүүдэд мэдлэг олгоно гэсэн үг.

Дээрх зургаан сэдвийн нэг Сэтгэцийн эрүүл мэнд хичээл өөрөө агуулгаараа их том. Энэ сэдвийн талаар БСШУСЯ-ны ЕБС-ийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар ярихдаа “Хүүхдүүд хоорондын зөрчлийг маргаангүйгээр хэрхэн шийдвэрлэх вэ, яаж өөрийгөө бусдад зөв ойлгуулах вэ гээд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой уур бухимдлаа хэрхэн зохицуулах вэ, стрессээ хэрхэн зөв тайлах вэ гэх мэдээллүүд бие даасан агуулга болж энэ сэдэвт орсон. Үүнээс гадна өсвөр үеийнхэнд нэлээд тохиолддог хорт зуршилтай холбоотой асуудлуудыг бие даасан сэдэв болгож оруулсан. Өөрөөр хэлбэл архи, тамхи бусад мансууруулах бодисоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, хор уршиг нь юу юм, өөрийгөө болон найз нөхдөө яаж хамгаалах вэ гэдэгт хүүхдүүд маань суралцах ёстой” гэж байсан юм. Үүнээс нь дээрх сэдвийн нэг бүлэг нь хар тамхи мансууруулах бодисын хор уршигийг таниулах сургалт байж, хүүхэд залуусыг "Мансууралгүй ирээдүй"- рүү хөтлөн эрүүл амьдралын хэвшилтэй болгохыг эрхэмлэх нь гэж харж болохоор.

Мөн  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаа, АШУҮИС-ийн сэтгэцийн тэнхмийн багш Б.Жаргал нар Эрүүл мэндийн хичээлийн “Хөтөлбөр боловсруулалтын баг”-т хамтран ажиллаж, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлыг хөтөлбөрийн III, IV бүлэгт оруулж, мэдлэг олгох асуудлыг цогц байдлаар тусгаж өгсөн гэх мэдээлэл нь сайшаалтай сонсогдож буй ч хичээлийн цаг чамлалттай санагдаж буйг нуух юун. Эрүүл мэндийг судлах бүтэн жилийн хичээлийн цагийг зургаан үндсэн сэдэвтээ хуваагаад үзэхээр зургаа хүрэхгүй цаг оногдож байна. Нэг сэдэв нь дотроо олон бүлэгтэй учир мансууруулах эм бэлдмэл, түүний хор уршигийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд бүрэн дүүрэн өгнө гэдэг нь яах аргагүй эргэлзээ төрүүлмээр.

Иймд хүүхэд, залуучуудыг мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэл хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, хор холбогдлыг нь ухуулан таниулахын тулд нэг бол энэ сэдвийн хичээлийн цагийг нэмж өгөх, эсвэл ДОХ-ын өдөр гэдэгтэй адил нэг өдрийг сонгон ЕБС бүрт өдөрлөг, тэмцээн уралдаан зохион байгуулж, хүүхэд залууст сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэж байх гаргалаа байна. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж болзошгүй хүүхэд, залууст энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх ерөнхий ойлголт, мэдээллийг өгч байгаа гэдэг ч хүүхдүүд мэдээлэл муутай байсаар.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан