Японы Осака хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр/2018.11.23/ эхэлнэ. Өмнө Токиогийн “Их дуулга” нэртэй болж, “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг байсан бол энэ жил Осакад зохион байгуулагдаж байна.
Осакагийн “Их дуулга” тэмцээнд 71 орны 421 жүдоч /эрэгтэй 262, эмэгтэй 159/ өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцох юм. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт Японы дөрвөн бөх барилдахаар болжээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтууд тодорно.
60 кг-д М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам нар өрсөлдөнө.
Олимп, ДАШТ-ий медальтай олон шилдэг жүдочид Осакагийн тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн барилдаан 11.00 цагаас эхэлнэ. Хэсгийн болон финалын барилдааныг https://live.ijf.org шууд хүргэнэ.