Хар тамхи гээч цагаан тахал яг энэ үгийг хэлээд өдөр бүр, цаг минут, секунд тутамд Монгол Улсын маань өрх бүрийн хаалгыг тогшсоор. Зарим нэгэн нь мэдээлэл муутайгаасаа болж түүнд хаалгаа аль хэдийнэ нээчихээд салж чадахгүй, зовлон шаналалдаа автан суугаа. Үүнийг нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэгчид 2011 онд 561 байсан бол долоон жилийн дотор 70 мянга болж өссөн баримт гэрчилнэ.
Томчууд бид ийн хаалгаа нээчихсэн байхад өдөржин ганцаардлыг мэдэрч гэрээ сахин суугаа хүүхэд тань түүнд хаалгаа нээсэн байхыг үгүйсгэх аргагүй нь. Эсвэл найз нөхөд нь гоё сайхан үлгэр зохион ярьж, уруу татан түүнийг гэрт тань дагуулж ирсэн ч байж болзошгүй. Танихгүй хүнд хаалгаа битгий нээгээрэй гэж өдөр бүр шахуу хэлдэг захиасыг тань тэрүүхэн үедээ умартсандаа балмагдаад энэ тухайгаа танд хэлэхгүй өнгөрөөе гэж шийдсэн юм биш биз.
Үнэндээ ингэж хэлэх үндэслэл байна. Сүүлийн үед хар тамхитай холбоотой сэтгэл сэрт хийлгэм мэдээ, мэдээлэл өдөр алгасахгүй гарч байгааг та лав анзаарсан л байх. Харамсалтай нь “Тоон дунд үсэг цохиж явна” гэдэг шиг хар тамхитай холбоотой хэрэгт ЕБС-ийн хүүхдүүд холбогдох нь ихэссэн гэх эмгэнэлтэй мэдээлэл олон гарах болжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад хар тамхины хэрэгт холбогдогчдын 85-90 хувийг 18-30 насны залуучууд эзэлжээ. Түүгээр ч зогсохгүй энэ онд найман хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байна. “Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд, залуус холбогдож байгаагийн гол шалтгаан нь бусдыг даган дууриадаг бусдын нөлөөнд автаж үгүй гэж хэлж чаддаггүйтэй холбоотой. Мөн эцэг эх хараа хяналтаа муу тавьж байгаагаас үүдэлтэй” хэмээн мэргэжлийн байгууллагын хүмүүс хэлж байна.
Мөн энэ тухай ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах хошууч Б.Мандухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эцэг, эхчүүд хүүхдээ ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж буйг нь мэддэггүй. Жишээлбэл, өсвөр насны залуу баригдаад ороод ирлээ. Ар гэрийнхэнд нь цагдаагийн байгууллагаас холбоо барихад айх, гайхах зэрэгцээд үл итгэсэн байдлаар хүлээж авдаг. Манай хүүхэд ийм биш андуурал гарлаа гэдэг. Ар гэрийнхэнтэй нь уулзаж ярилцах явцад танай хүүхэд ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөдөг вэ гэдэг асуултад ихэнх эцэг, эхчүүд хариулж чаддаггүй” гэжээ.
Манай улс хэдхэн жилийн өмнө хар тамхи зөөвөрлөгч, тээвэрлэгч орны ангилалд орж байсан бол одоо хэрэглэгч орны түвшинд хүрч буй тухай харамсалтай мэдээг бид “манайд хамаагүй” гэж бодож болохгүй цаг үед амьдарч байна.
Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг санаатайгаар санхүүгийн чадавхитай хүрээлэлд тараадаг, найз нөхдөөр нь дамжуулан түгээдэг гэдгийг эцэг, эхчүүд онцгойлон анхаарах ёстой гэж холбогдох мэргэжилтнүүд анхааруулсаар.
Хэдийгээр манай цагдаагийн, хар тамхитай тэмцэх алба, хил гаалийнхан чадлаараа ажиллаж илрүүлж, таслан зогсоож байгаа ч цаана нь ургаж, үндэслээд байгаа уг үндсийг зогсоож хараахан чадаагүй байна. Мөн Олон улсын байгууллагууд манай улсын хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж олон арван төсөвт хөтөлбөр хэрэгжүүлж, хэдэн зуун сая төгрөг зарцуулж байгаа хэдий ч байгаа онож буй эсэх нь эргэлзээ төрүүлдэг нь нууц биш.
Тиймээс та бид нүдэн балай, чих нь дүлий, мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаар хүүхдээ хар тамхи гээч харанхуй ангал рүү түлхчихгүйн тулд одооноос хараа хяналтаа сайжруулж, энэ асуудалд хамтдаа анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Юун түрүүнд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл гэж юу вэ, энэ төрлийн гэмт хэргийн ойлголт, түүнээс сэргийлэх арга зам, эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийн талаар танд бага ч атугай мэдээлэл хүргэх зорилгоор холбогдох мэргэжилтнүүдийн ярилцлагаас хүргэе.
Ш.Лхагвасүрэн: Хар тамхи архи, тамхинаас хэд дахин хортой
/Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор/
Манай улсад дэлхийн зах зээлд зарагдаж байгаа бүх төрлийн хар тамхи худалдаалагддаг. Их хэмжээний ашиг олох сонирхолтой гэмт бүлэглэл хэдэн арваараа бий. Нэг хүүхэд хүмүүстэй нийлж хар тамхи татаж үзчихээд маргааш нь ангийнхаа хүүхдүүдэд гоё сайхан мэтээр суртал ухуулга хийдэг. Ингэж л өдрөөс өдөрт улам бүр цар хүрээгээ тэлж байна. Хар тамхи архи, тамхинаасаа хэд дахин хортой. Бүх мөнгөө хар тамхинд өгснөөр эдийн засгийн хямралд орж эхэлнэ. Хар тамхи хэрэглэнэ гэдэг нь өөрөө хэрэг зөрчлийг дагуулж байдаг. Учир нь хар тамхи өөрөө үнэтэй, мөнгө олж хар тамхиа авахын тулд залилан тэр бүү хэл хүн алах ч тохиолдол гарна. Хар тамхинд донтоно гэдэг тэр хүн амьд үхдэлтэй адилхан болно. Тэр хүний тархинд хар тамхи яаж олох вэ гэсэн зүйл бодогдохоос эрүүл оюун ухаанаар юуг ч сэтгэж бодож чадахгүйд хүрнэ. Өмнөх жилүүдэд амьдралын боломж сайтай айлын хүүхэд хэрэглэдэг гэсэн ойлголт байсан. Тэгвэл одоо хар тамхины хэрэглээ баян, ядуу гээд бүх давхаргад бий болчихсон байна.
Г.Давааням:Хэрэглээгээ хангахын тулд хүүхэд ашиглаж байна
/ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа/
Нийгмээ дагаад эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналт сул байх болсон нь энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд өртөх нөхцөлийг бүрдүүлэх болсон. 1-5 дугаар ангид хүүхдээ сургуульд нь зөөн дундаас дээш ангид орохоор өөрөө явж, ирээд байна гээд хараа хяналтаасаа сулруулахаар хүүхдүүд болж, бүтэхгүй хүүхдүүдтэй нийлэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихсээд байна. Тэдэнд та нарын зөвлөгөө, гэр бүлийн уур амьсгал нөлөөтэй байдаг юм шүү, хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж байгаарай. Хэрэглэгч болсон хүн хэрэглээгээ хангахын тулд тухайн бодисыг зарж борлуулан түүнээсээ ашиг олох зэрэг үндсэн шалтгаануудаас болж насанд хүрээгүй хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
С.Батзориг: Бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэдэг
/ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч/
Насанд хүрээгүй хүүхдийн хувьд өссөн орчин, эцэг, эхийн хараа хяналтаас шалтгаалан бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байна. Хар тамхины хэрэгт холбогдогчийн насыг авч үзвэл, энэ онд насанд хүрээгүй найман хүүхэд холбогдсон. Хэргийн 85-90 хувийг 18-30 насны залуучууд эзэлж байгаа. Найз нөхдөдөө уруу татагдан хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдол нь энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд эхний ээжинд хүүхдийнхээ сэтгэл санаа, бие махбодод нь өөрчлөлт гарч байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ цаг ашиглалтыг ажиглах хэрэгтэй. Өглөөнөөс орой хүртэл юу хийдэг, өмнө нь юу хийдэг байсан гэх мэт. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүний хийж байгаа зүйл байнга өөрчлөгддөг. Үүнээс гадна таны хүүхэд ямар хүмүүстэй нийлээд байгаа нь маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд гэмт хэрэг үйлдсэн эсвэл хар тамхи хэрэглэж болзошгүй этгээдтэй нийлж байгаа эсэхэд анхаарал тавиарай.
К.Елена:Донтох эмгэг үүссэн тохиолдолд бүрмөсөн эдгэрдэггүй
/СЭМҮТ-ийн ахлах мэргэжилтэн/
Хүмүүс чинээлэг гэр бүлд өссөн хүүхэд мансууруулах бодис хэрэглэж байна гэж ойлгодог. Тийм биш шүү. Цагдаагийн байгууллага, Хар тамхи мансууруулах бодисоос хамгаалах нийгэмлэгийн хамтарсан судалгаанаас харахад амьдралын төвшнөөс шалтгаалахгүйгээр мансуурлын аюулд өртөж байна. Хүүхэд хоол, хүнс, хувцас гээд бүх хэрэгцээ нь хангагдсан мөртлөө эцэг эхийн хайр халамж дутуу бол бухимдана. Өсвөр насныханд багаас нь аливаа таагүй зүйлд үгүй гэж хэлэх, сониуч зангаа зөв хөгжүүлэх аргачлалыг эцэг, эхчүүд заах нь чухал. Мөн хүүхэдтэйгээ орой бүр өдрийг яаж өнгөрүүлсэн, таалагдсан, сэтгэл зовоосон зүйлийнх нь талаар ярилцахыг хэвшил болгох хэрэгтэй.
Сүүлийн гурван жилд донтох эмгэгийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо жилд 50-60-аас буухаа больсон. Энэ хүмүүс мөн л хүлээн зөвшөөрсөн шатандаа ирж байгаа. Өсвөр насныхан асран хамгаалагчтайгаа ирдэг. Хүний тархинд донтох эмгэг үүссэн тохиолдолд буцалтгүй өөрчлөлтүүд бий болдог. Тэр хүн бухимдах таагүй байдалд орсон үед бэлэн хадгалсан файл шиг мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг хэрэглэх хүсэл шууд төрдөг. Донтох эмгэгийн үед сэтгэцийн хараат байдал эхлээд үүсдэг. Дараа нь хэрэглэж байгаа мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис хэрэглэгчийн бодисын солилцоонд байнга нөлөөлсний дараа биеийн хараат байдал үүсдэг. Дахин хэлэхэд донтох эмгэг үүссэн тохиолдолд бүрмөсөн эдгэрдэггүй, сайжралын байдалд ордог эмгэг гэж ойлгох хэрэгтэй.
Хэрвээ та мэргэжилтнүүдийн ярианаас анзаарсан бол өсвөр насны хүүхдүүдийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил болон эрх ашиг нь хохирохоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүд та бидний хараа хяналт, анхаарал болгоомж хамгийн чухал байх нь. Тиймээс одооноос эхэлж хүүхэд тань хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж явааг нь мэддэг болцгооё.