-Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн гэвэл та итгэх үү-
21 нэгдүгээр зууны гэр бүлд тулгамдаж байгаа томоохон асуудлуудын нэг нь өсвөр үеийнхний компьютерт донтох явдал гэж тодорхойлдог ч энэ донтолт үеэ өнгөрөөж хар тамхи буюу мансууруулах бодист байр сууриа тавьж өгч байна гэвэл онц хэтрүүлэг болохгүй нь. Учир нь, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн гуай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий боловсролын сурагчдын дунд өнгөрсөн жил хийсэн судалгааны дүгнэлтээр мансууруулах бодисын хэрэглээ хүүхдүүдийн дунд хавтгайрсан байсан. Дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэх тоо гарсан. Энэ нь зөвхөн хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнд гарсан тоо баримт юм” хэмээн ярьжээ.
2000 оны эхээр хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон хүмүүсийн ихэнх нь олны танил эсвэл амьжиргааны түвшин өндөртэй байсан болохоор та бид хар тамхийг баячуудын хэрэглээ гэж үзсээр ирсэн. “Хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг” гэх мэдээлэл гарах бүрийд л мөнгөө үрж ядсан баячуудын хүүхдүүд гэх зэргээр өөртөө хамааралгүй мэтээр ойлгож явсан.
Тэгвэл хар тамхины хэрэглээ баян, ядуу гээд бүх давхаргад бий болчихсон байгааг илтгэх судалгаа байдаг юм байна. Тухайлбал, Мэргэжлийн байгууллагуудын нийслэлийн төвийн захын хорооллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сүүлд хийсэн санамсаргүй судалгааны үр дүнгээр их бага хэмжээгээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзсэн гэсэн судалгаа гарчээ. Үүнээс хар тамхины хэрэглээ улам хүрээгээ тэлж, хэрэглэгчид нь залуужиж байгааг харж болохоор.
Энэ онд найман хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ
Бидний дээхнэ үед барууны киноноос үздэг байсан хар тамхины аюул одоо манай залуусын амьдралд, бидний хойч ирээдүйд сүүдрээ тусгаж эхэлснийг бататгах судалгаа, тоо баримтууд дээрхийн адилаар баяжигдсаар байна. Томчууд бид насанд хүрээгүй хүүхдүүд зөвхөн газ, цавуу үнэрлэж мансуурдаг гэсэн өрөөсгөл ойлголтоос салах цаг аль хэдийнэ болсныг гэрчлэх зарим мэдээллийг тоймлон хүргэе.
Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гарч буй хэргүүдэд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдүүд холбогдох нь ихэсчээ. Тухайлбал, цагдаа, хууль хяналтын байгууллагад 2018 оны эхний есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Хар тамхины хэрэгт холбогдогчдын 85-90 хувийг 18-30 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ онд найман хүүхэд хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байна.
Ихэвчлэн хар тамхи, мансууруулах бодис хадгалсан, зарж борлуулсан үйлдэлтэй шалгуулж байгаа аж. Харин 16-20 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг бөгөөд тэд бие биедээ сонирхуулж нэг нэгнээ уруу татаж дуурайх хэлбэрээр үйлдсэн нь тогтоогджээ. Хамгийн сүүлд гэхэд л 13 настай эмэгтэй хүүхэд хар тамхи хэрэглэдэг болох нь эхний шинжилгээгээр батлагдсан нь танд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэх биз ээ. Энэ дашрамд, одоогоос арван жилийн өмнө 18 нас хүрсэн хоёр хүүхэд эмээгээ хороон мөнгийг нь авч, хулгайлсан мөнгөөрөө хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсаныг сануулахад гэмгүй болов уу.
Хар тамхинд эхний хэрэглээ гэж байдгаас нэг удаагийнх гэж байдаггүй
Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг нь тодруулахад бусдад уруу татагдаж, сонирхсон, хөгжим гоё сонсогддог, тайвширдаг, онгод ордог, эсвэл өвчнөө намдаах зорилгоор олж авч хэрэглэсэн гэх тайлбарыг өгдөг байна. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд өссөн орчин, эцэг, эхийн хараа хяналтаас шалтгаалан бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэдэг гэсэн мэдээллүүд ч олон байна. Насанд хүрээгүй хүүхэд болон ид ажиллаж, хөдөлмөрлөх залуус хар тамхи хэрэглэх нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисын талаар буруу ойлголттой байгаагаас гадна хар тамхины үр дагавар, хор уршгийг мэдэхгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийн байгууллагын хүмүүс ярьдаг.
Үнэндээ энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь эцэг, эх та бидний хариуцлагатай холбоотой. Хэн нэгний ятгалга, дэмий явуулгад хүүхдийн гэнэн зангаар автаж, сониуч зандаа хөтлөгдөн амьдарлаа үрэн таран хийх аюулт замын сонгож байгаа жишээ амьдрал дээр олон бий.
Тийм учраас эцэг эхчүүд одооноос хүүхдүүддээ анхаарал хандуулж, үзэж буй кино, цахим хэрэглээ, хүүхдийнхээ хэнтэй нөхөрлөж буйд нь бага ч гэсэн цаг гаргаж анзаарч нэг харах цаг нь болсон байна. Миний хүүхэд зүгээр гэж хайхрамжгүй явсаар байх хойгуур тань таны хүүхэд хэн нэгний буруу нөлөөлөлд автаж хар тамхинд орсон байх вий. Тиймээс харанхуй ангал руу унахаас нь өмнө яг одооноос эхэлж сэрэмжлээрэй.
Хэрэглэдэг хүүхдийн биед гардаг өөрчлөлтүүд
Хүүхдийнхээ сэтгэл санаа, бие махбодод нь ямар нэгэн өөрчлөлт гарч байгаа эсэхийг анхаарч нэг хараарай. Хамгийн эхлээд мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхлэхээр нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгч, дараагаар нь сэтгэцийн өөрчлөлттэй болдог байна. Сэтгэц нь хар тамхи хэрэглэхийг үгүйлж эхэлдэг учраас бие нь хамааралд ордог аж. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүн унтдаггүй, хоол иддэггүй учраас маш ихээр турж, өвчин тусах нь амархан болж, дархлаагүй болдгоос гадна хийж байгаа зүйл нь байнга өөрчлөгддөг байна.
Хэдийгээр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж болзошгүй хүүхэд, залууст энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх ерөнхий ойлголт, мэдээллийг өгч буй ч хангалттай хэмжээнд хүрээгүй л байна. Энэ асуудалд ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, эцэг, эхчүүд хамтарч анхаарлаа хандуулж дорвитой ажил хийхгүй бол бид нэргэсэн хойно нь хашгираад ч нэмэргүй.
Мэргэжлийн байгуулагынхны зүгээс энэ асуудалтай тэмцэхийнхээ өмнө “Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хичээл оруулж өгөх хэрэгтэй. Мөн сургагч багш нар бэлдэх нэн шаардлагатай” гэцгээж байна.
Ямартай ч бид тун удахгүй энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн зургаан үндсэн сэдвийн нэг болох “Сэтгэцийн эрүүл мэнд” хичээлд хар тамхины хор уршигийн талаар хэрхэн тусгагдсан, ямар багш нар бэлтгэгдсэн хийгээд хүүхдүүд дорвитой мэдээлэл олж авч чадах эсэх талаар холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авч хүргэх болно.