Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаар бохирдуулж буй хүнийг 50 мянгаас 1 сая төгрөгөөр торгоно

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Агаарын чанарын хяналтын хэлтсийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын А/32 тушаалаар 13 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хийж буй хяналт шалгалт, хүрч буй үр дүн.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна.

2017-2018 ондуудад агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй авто засвар, дугуй засвар, авто угаалга, ТҮЦ, павильон, манаачийн байр, худалдаа үйлчилгээний газрууд, агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр, уурын болон усан халаалтын зуух ашиглагч нийт давхардсан тоогоор 6210 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хийж гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтаар Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар 6502 мэдэгдэх хуудас, зөрчлийг арилгах улсын байцаагчийн 1146 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 101 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбуулж, 33  халаалтын зууханд үнс баригч тавиулж, 3 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1478 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1501 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулснаар жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тн-р бууруулж, 1200-1400 тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хяналт шалгалт: Үүнд   

  1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагад тараагдсан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын талаар.
  2. Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрүүдэд хийгдэж буй шалгалтаар талаар.
  3. Төвлөрсөн шугамд холбогдоогүй ариун цэврийн байгууламжид хийгдсэн шалгалтын талаар.
  4. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсийн талаар.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон нийтэд хүргэсэн анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж, сургалт. 

“Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдвээр 23 удаагийн сургалт зохион байгуулж, сургалтад 758 иргэн, 213 аж ахуйн нэгж, байгууллагын 300 гаруй албан тушаалтныг хамруулан 12 төрлийн 1380 ширхэг гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас боловсруулан хүргэж ажиллалаа.

Байгууллагын цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 150 гаруй зөвлөмж, сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг  бэлтгэн олон нийтэд түгээн урьдчилан сэргийлж ажиллалаа.

Засгийн газрын 43, 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл хангуулах талаар дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрөлгүй, нийтийн болон ачаа тээврийн нийт 412 аж ахуйн нэгж, байгууллагад улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж, мөн агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 9 төрлийн анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий 7950 ш зурагт хуудас, стикир наалтыг байршуулан ажиллаж байна.   

Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал.

  • Хог шатаах /дугуй, хуванцар, ашигласан масло зэрэг/ процессын үед диоксин, фуран хорт нэгдэл үүсэж, үнс хөө тортогтой хамт агаар, хөрсийг бохирдуулна. Диоксин, фуран хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болж байж хагас задарна. Хоол хүнс, агаар усаар дамжин хүний биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж доорх өвчлөлүүдийг үүсгэдэг:

Гажигтай хүүхэд төрөх, Дутуу төрөх, Чихрийн шижин, Сурах чадвар буурах, Дархлаа сулрах, Уушигны өвчлөл, Арьсны өвчлөл

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, Ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3,5 дахин зөрүүтэй байгаа судалгаа гарсан байна.

Дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж агаар бохирдуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлнэ үү.

Зөрчлийн тухай хуулиар: Агаар бохирдуулж буй хүнийг 50.0 мянгаас 1 сая төгрөгөөр, хуулийн  этгээдийг 500.0 мянгаас 10 сая хүртэл төгрөгөөр торгоно.

Сануулахад 7.4 дүгээр зүйлд: "Агаарын тухай хууль зөрчих 1.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг: 1.1.тогтоосон хугацаанд мэдээлээгүй; 1.2.зориуд буруу мэдээлсэн; 1.3.нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, эсхүл хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангаагүй: 3.1.барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан; 3.2.техник, технологи нэвтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5.Агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 6.Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 7.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.

БИД НЭГ АГААРТАЙ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан