Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАШТ-д 73 орны 333 боксчид өрсөлдөж байгаагаас хагас шигшээд өрсөлдөх боксчид өнөөдрөөс тодорч эхэлнэ

 

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн талдаа орлоо. Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн ДАШТ-д 73 орны 333 боксчид өрсөлдөж байгаагаас хагас шигшээд өрсөлдөх боксчид өнөөдрөөс тодорч эхэлнэ.

Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг шөвгийн наймын тулаанаа Мароккогийн Захраоюү Зохратай хийнэ. Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелана Питеса нарыг дараалан ялж, шилдэг наймд үлдсэн юм.

54 кг-д нийт 26 боксчин өрсөлдсөнөөс хагас шигшээд өрсөлдөх хоёр боксчин үдээс хойш тодорно.

Энэ жил 30 настай М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.

Дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал нарын удирдлага дор долоон тамирчин оролцож байгаагаас 51 кг-д Л.Алтанцэцэг, 57 кг-д Т.Болортуул, 75 кг-д М.Мягмаржаргал, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин 48 кг-д О.Жаргалан, 54 кг-д М.Нандинцэцэг нар шөвгийн наймд, 60 кг-д М.Намуун шөвгийн 16-д үлдээд байна.

Өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тулааныг хийх бөгөөд https://www.aiba.org/ сайтаар шууд дамжуулан үзүүлнэ.

 

1 Сэтгэгдэл
Амжилт хүсье!
Хамгийн их уншсан