Энэ хорвоо ертөнцөөс одсон ч Холливүүдийн бүх цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн эгнээнд багтсаар байгаа алдарт жүжигчин Мерлин Монрогийн 1961 онд хүртэж байсан “Алтан бөмбөрцөг”-ийн цом Жулиены дуудлага худалдаагаар 250 мянган ам.долларын үнэ хүрчээ. Энэ нь худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан “Алтан бөмбөрцөг”-ийн цом болсон байна.
Мөн түүний унадаг байсан хоёр хүний суудалтай 1956 оны “Ford Thunderbird” машин тус дуудлага худалдаанд 490 мянган ам.доллар, Мэрлин Монрогийн зургийг нүүрэндээ байршуулсан “Playboy” сэтгүүлийн анхны дугаар 32 мянган ам.долларын үнэд хүрсэн байна. Үүнээс гадна түүний эдэлж хэрэглэж байсан бусад зүйлсийг ч дуудлага худалдаанд оруулжээ.
“Ford Thunderbird” машиныг жүжигчин бүсгүй зургаан жил унаж байгаад 1962 онд буюу өөд болохынхоо өмнөхөн өөрийн жүжгийн багшийн хүү Ли Страсбергт бэлэглэж байсан гэнэ. Жулиены дуудлага худалдааг үүсгэн байгуулагч Даррен Жулиен “Энэ машин бол зөвхөн автомашины түүх бус Холливүүдийн домогт жүжигчний хайр сэтгэл, хээнцэр тансаг хийгээд адармаатай амьдралын түүх юм” хэмээн хэлжээ.