ЛУВСАНДОРЖИЙН ДАВААНЯМ
(1960-2018 он)
Бидний хайрт аав, халамжит хань, өгөөмөр өвөө Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхмийн Профессор, Монгол улсын Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Лувсандорж овогтой Давааням нь 2018 оны 11 дүгээр сарын 13-нд хүнд өвчний улмаас мөнх хөх тэнгэрийн орондоо үүрд заларлаа.
Л.Давааням нь 1960 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн.
1968-1972 онд Бүрэн сумын бага сургууль,
1972-1976 онд Улаанбаатар хотын 47 дугаар дунд сургууль,
1976-1980 онд АУДуС-ийг Улаан дипломтой тус тус суралцаж төгсөн, ЭХЯ-ны харьяа Хөдөлмөр эмчилгээний газарт дүн бүртгэлийн бага эмч, тасгийн эрхлэгч
1983 онд АУДэС-ийн шүдний эмчийн ангид элсэн орж суралцсан байна. Л.Давааням нь “Сүхбаатарын нэрэмжит” цалинт шилдэг оюутануудын нэг байлаа.
1988 онд АУДэС-ийг Улаан дипломтой төгсөж, УКТЭ-ийн /одоогийн УНТЭ/ хэвлийн хөндийн мэс заслын 1, 2 дугаар тасагт болон Эрүү нүүрний мэс заслын тасагт их эмч
1990 оноос АУИС-ийн Нүүр ам судлалын тэнхимд мэс заслын багш
1992-1995 онд ШЭНЭСТ-ийн НАМЗ-ын тасгийн эрхлэгчээр
1997 - 2006 он хүртэл АУИС-ийн НАМЗ-ын тэнхмийн эрхлэгч
2006 оноос одоог хүртэл НАСС-ийн НАМЗ-ын тэнхмийн ахлах багш, дэд профессор, профессороор ажиллаж байлаа.
Мөн 1997-2007 онд УКТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын клиникт тасгийн эрхлэгч, Зөвлөх эмчээр,
1995 оноос одоог хүртэл НШЭНТ-ийн НАМЗ-ын тасгийн Зөвлөх эмчээр,
1994 оноос одоог хүртэл ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн Зөвлөх эмчээр
2007 оноос Энхийг цацруулагч эмнэлэгийн зөвлөх эмчээр
2017 оноос Beau Monde эмнэлэгийн зөвлөх эмчээр тус тус хавсран ажиллаж байлаа.
Бидний аав Л.Давааням нь
1996 онд АУИС-д “Шүдний гаралтай эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдолын шалтгаан, эмчилгээний асуудалд” сэдвээр АУ-ны магистрын зэрэг,
2004 онд ЭМШУИС-д “Эрүү нүүр орчмын нэвчээс, түүний шалтгаан, хүндрэл, хам эмчилгээний асуудалд” сэдвээр АУ-ны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.
1998 онд Монгол улсын Эрүү нүүрний мэс заслын эмчийн “Тэргүүлэх” зэрэг,
2012 онд “Зөвлөх” зэрэг,
2007 онд ЭМШУИС-ийн Клиникийн профессор,
2011 онд ЭМШУИС-ийн Дэд профессор,
2016 онд АШУҮИС-ийн Профессор цолыг тус тус хүртжээ.
Мөн нэг сэдэвт зохиол 2, гарын авлага 6, эрдэм шинжилгээ судалгааны 24 илтгэл, эрдэм шинжилгээний 17 өгүүлэл тууриваж, Эрдэм шинжилгээний төсөлт ажил удирдаж, Ашигтай загварын гэрчилгээ 5 -ийг авсан байна.
Эмч, оюутануудад зориулж Нүүр амны мэс заслын сурах I,II –ийг багш нарын хамт бичиж туурвисаны зэрэгцээ Нүүр ам судлалын нэр томьёоны толь, “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц оношлогоо,эмчилгээ” аргачилсан зөвлөмж, Уруулын төрөлхийн сэтэрхийн мэс заслын атлас, Нүүр ам судлалын их эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл, Нүүр амны эмгэгүүдийн үед хийгдэх физик эмчилгээний гарын авлага, Шүдний үүдэн эмнэлэгт хэрэглэгдэх хэсгийн мэдээ алдуулалт” товхимолыг хянан тохиолдуулсанбайна. Мөн Эрүү нүүр орчмын нэвчээс, түүний хүндрэл, Хүндрэлтэй шүд авах арга барил зэрэг товхимолуудын гар бичмэлүүдийг бичиж дуусгасан байна. Монгол улсад шүдний их эмч, нүүр амны мэс заслын эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулсан.
АУ-ны магистрын судалгааны 6 ажил, АУ-ны докторын 1 ажлыг амжилттай удирдаж хамгаалуулсаны зэрэгцээ магистрын ажлын шүүмж 5, докторын ажлын шүүмж 1-ийг бичжээ. Төгсөлтийн дараах сургалтад НАМЗ-ын чиглэлийн шавилан сургалт, резиденсын сургалтаар 200 гаруй Эрүү нүүрний мэс засалч эмч нарыг бэлтгэн гаргахад хүч хөдөлмөрөө зориулсан бөгөөд 2006 оноос НАСС-ийн Эрдэмтэдийн Зөвлөлийн гишүүн, орлогч дарга, гишүүнээр, 2007оноос Эрүүл мэндийн яамны нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, 1998 оноос Монголын Нүүр Амны Мэс Засалчдын Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байлаа.
2010 онд Олон улсын ICD (International College of Dentistry) байгууллагад гишүүнээр элсжээ.
Эмнэлэг үйлчилгээнд нийт 120 000 гаруй хүүхэд болон насанд хүрэгчдэд нүүр амны Мэс заслын эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Профессор Л.Даваанямын хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж,
2001 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг,
2010 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Жуух бичиг,
2011 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг,
2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль,
2015 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагджээ.
Бидний аав Л.Давааням нь эр хүний ноён нуруу, бусдын төлөө гэх сэтгэлтэй, шударга үнэнийг эрхэмлэж, эв эеийг хичээдэг, сүүн цагаан сэтгэлтэй, шавь нар, үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай, сургалт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл арвинтай, сурган хүмүүжүүлэгч, эмч, эрдэмтэн байлаа.
Таны минь гэгээн дүр, хүнлэг сайхан чанар бидний зүрх сэтгэлд үүрд оршиж, үйл хэргийг тань нэр төртэй үргэлжлүүлэх болно.
Ум Сайн Амгалан Болтугай
Хань үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд