Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр Монгол түмнээ дахин баярлуулж Лондонгийн зуны ХХХ дугаар олимпоос мөнгөн медаль хүртэж ард түмний хүү гэдгээ дахин баталсан юм. Олимпын аварга гэдгээ баталсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяраар улс орон, ард түмэн нь бахархаж байгаагийн нэгэн илрэл нь шинээр төрсөн хүүхэддээ түүний нэрийг хайрласан явдал гэлтэй. Өчигдөр орой Олимпын аваргыг Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртснийг хараад бахархсан ээж аавууд шинээр мэндэлсэн хүүдээ Түвшинбаяр харин охиддоо Түвшинцэцэг, Түвшинжаргал гэх нэрийг өгцгөөж байгаа гэнэ. Магадгүй ирээдүйд олимпын аваргын орыг залгах хүү, охин төрж гарахыг үгүйсгэх аргагүй юм. Амны билгээс ашдын билгэ гэсэн сайхан үг бий шүү дээ.