Кети Перри гэж хэн бэ? Тэр бол дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж яваа “гэрэлт од”. Эхлээд, түүний талаар товчхон дурдъя. Кетигийн эцэг эхээс заяасан нэрийг нь Катирина Элизабет Хадсон гэх ба 1984 оны аравдугаар сарын 25-нд Канзас мужид төрсөн. Багаасаа л сүмийн хөгжим сонсч өссөн бяцхан охинд дуулах хүсэл тэмүүлэл тэр үеэс төржээ. Ингээд сүмийн хөгжмийг сонссоор тэндээс шинэ мэдрэмж авч, түүнийгээ хөгжүүлсээр сонсгол нь сайжирсаар байлаа. Түүний дуулахыг сонссон хүн бүр магтаалын үг хайрлаж байлаа. Улмаар түүний мөрөөдөл цэцэглэсээр 2008 онд “Эрчүүдийн нэг хэсэг” нэртэй цомог гаргасан ч төдийлөн амжилтад хүрээгүйн улмаас нэг хэсэг сэтгэлээр унаж 2010 онд “Sony” энтертайментын хараанд өртсөн “I kissed a girl”, “ You are so gay” зэрэг уран бүтээлээ багтаасан “Teenage dream” цомог гаргасан нь жинхэнэ тэсрэлт болов. Түүний бүтээлүүдээс ихэвчлэн хөгжилтэй, урам өгөхүйц мэдрэмж авч чаддаг бол дүрс бичлэгийн хувьд өнгөлөг, ямар нэг дүрд огцом хувирч чадсан тийм дүр зургийг анзаарч болно. Хамгийн сүүлд, “Wide awake” нэртэй дуу гаргасан нь “Youtube” дэх хамгийн олон хүн үзсэн клипээр тодорч “Billboard”-ын жагсаалтыг таван долоо хоног тэргүүлж байна. Ингээд тэрээр “Details.com” цахим хуудсын сэтгүүлч Виг Томпсонтой ярилцсаныг доор хөрвүүллээ.
-Хөөх, энэ чинь Кети мөн үү? Ямар сайхан харагдаж байна аа?
-Баярлалаа, Чиний ажил сайн уу, Виг?
-Сайн маш сайн. Уран бүтээл хэр байна? Сонин сайхнаасаа манай уншигчдад сонирхуулаач?
-Өө, энэ жил уран бүтээлийн ургац арвин байна. Хандивын тоглолт хийж явсаар өчигдөр л Филиппинээс ирлээ.
-Тэд хэр хүлээж авав?
-Маш гайхалтай. Гэхдээ миний анзаарснаар сэтгэл хөдлөл багатай хүмүүс шиг ээ. Тэнд тоглохоосоо өмнө Индонез, Манилад бас тоглосон. Сонирхолтой нь, цаг хагасын хугацаанд 12 удаа хувцсаа солилоо. Ингээд миний тоолсноор нийт 125 улсаар аялан тоглолт хийжээ. Одоо л өөрийгөө маш их ядарч байгаагаа мэдэрч байна. Учир нь өчигдөр их онцгүй өдөр байлаа.
-Би энэ ярилцлагыг хийхээсээ өмнө таны шүтэн бишрэгчдээс асуулт цуглуулсан юм. Эхний асуултыг Лондонгоос Жулиа нэртэй охин асуужээ. Найз гэж хэн бэ?
-Сайхан асуулт байна. Би бага байхдаа ихэвчлэн гэртээ ганцаараа үлддэг байлаа. Миний цаг нөхцөөх зүйл бол ерөөсөө л урсгал ялгахгүйгээр хөгжим сонсох. Зарим үед, жишээ нь, төрсөн өдрөөр, талархлын баяраар миний найз гэж хэн ч ирдэггүй байсан. Аргагүй шүү дээ. Би муухай ааштай охин байсан юм чинь. Өсч том болоод өөрийн эрхгүй надад асуудал тулгарах үед түүнийгээ хэн нэгэнтэй хуваалцах хэрэгтэй болсон. Гэтэл хэн ч миний хажууд байсангүй. Тэгэхээр яг энэ асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байна.
-Танд одоо найз байхгүй гэж үү?
-“Найз гэдэг ерөөсөө л хоёр дахь би” гэж нэг номоос уншиж байсан. Яг энэ мөчид найз гэж толгойд орж ирж байгаа зүйл бол миний Жимми л байна./түүний муур/
-Дуртай дуугаа сонссон үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Маш сайхан. Сэтгэлээр унасан үед дуу миний хажууд байдаг. Сайхан үгтэй дуу сонсвол ертөнцөөс тасраад нисч байгаа мэт сэтгэл маш их догдолдог. Тэгээд тэр дуугаа олон дахин сонсоно.
-Би ч гэсэн таны дууг маш их сонсдог. Нууц авьяасаа үзүүл гэвэл?
-Онгирч байна гэж битгий бодоорой. “Smurf”-д дуу оруулснаас хойш өөрийгөө жүжиглэх авьяастай юм байна гэж бодсон шүү.
-“ Smurf”-ыг анх үзээд маш хөгжилтэй санагдсан. Кино дуусаад хэн дуу оруулсан юм бол гэж бодож суутал хамгийн сүүлд Katy Perry гэж гарч ирэхэд үнэхээр алмайрсан шүү.
-Баярлалаа. Гэхдээ одоо үзэхээр би дутуу ажилласан юм шиг санагддаг. Цаашдаа улам хичээнэ ээ.
-Гурав дахь асуултыг урлагийн сургуульд сурдаг нэгэн охин асуусан байна. Кети, нөхрөөсөө салсны дараа амьдрал хэр байна?
-Амьдрал үргэлжилсээр. Би маш азтай хүн шүү. Яагаад гэвэл миний хажууд бурхан үргэлж байдаг учраас халуун дотно хайраараа намайг дулаацуулдаг. Сэтгэл санааны хувьд яг үнэндээ одоо ч шокноосоо гарч чадахгүй байгаа. Гэхдээ нэг зүйлийг амлаж чадна. Би хэзээ ч хэн нэгнийг түүнээс илүү хайрлахгүй байх.
-Яагаад. Ийм сайхан эмэгтэй хүнд дурлахгүй гэж үү?
-Нэг үгээр хэлвэл зүгээр л хүсэхгүй байна.
-Ойлгомжтой. Та баян эмэгтэй мөн үү?
-Зарчмын хувьд бол тийм. Гэхдээ миний хамгийн том бахархал бол би шуналгүй. Ихэнх эмэгтэй шуналаасаа болж өөрийгөө, амьдралаа, хайртай хүмүүсээ алддаг. Эцэст нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй харамсаад л өнгөрдөг.
-Эмэгтэйчүүд бүгд л нэг зүүлт авчихаад, түүндээ тохирох даашинз хайдаг шүү дээ?
-Би тийм бишээ. Хүсвэл надад итгээрэй. Дараагийн асуулт тун сонин байна?
-Хамгийн дутагдалтай зан чанар чинь?
-Унтамхай. Хэрвээ намайг маш тухтай сайхан нойрсож байхад хэн ч сэрээсэн би юу ч хийж магадгүй хүн дээ. Нээрээ шүү, Виг.
-Хөөх, таныг залхуу эсвэл хоол хийж чаддаггүй гэж хариулах болов уу гэтэл эсрэгээрээ юм аа.
-Хоолны хувьд би айлын хөргөгчинд юу байна, түүгээр нь маш амттай бас тэжээллэг өдрийн хоол бэлтгэж чадна.
-Энэ ч давуу тал шүү. Хамгийн сүүлд хэзээ гэртээ хоол хийв?
-Нэг л санахгүй байх чинь. Ямартай ч испани маягаар шпагетти хийснээ санаад байна.
-Гайхалтай. Ширээний ном юу байна?
-Майн Ридийн “Хөшиг”. Манай шинэ, авьяаслаг уран бүтээлч Элвин Холмесийн “Бэрд” гэх зэрэг.
-Сүүлд дурдсан номны чинь хамгийн их таалагдсан дүр?
-Энэ номонд дотор хүнтэйгээ үл ойлголцох дуртай нэгэн эмэгтэйн талаар гардаг. Тэр ерөөсөө л маш их зөрүүд нэгэн. Ялангуяа долдугаар бүлэгт тэр энэ л зангаасаа болж амиа алдах шахдаг.Чи заавал олж уншаарай.
-Их сонирхолтой санагдчихлаа. Хэдэн улсаар аялав. Очиж үзээгүй улсаас хамгийн их сонирхол татаж байгаа нь?
-Яг үнэндээ Ази тивийг маш их сонирхож байна. Ялангуяа Малайз, Индонез. Мөн Монгол. Тэд бол дэлхийн үндэс суурийг тавьсан ард түмэн гэдгийг би саяхан уншсан номоосоо мэдэж авсан. Өдий хүртэл энэ талаар мэдээгүй явсандаа өөрийгөө зэмлэсэн. Одоогоор энэ улсыг судалж байгаа. Яг хэзээ очих эсэхээ хэлж мэдэхгүй байна.
-Гайхалтай. Заавал очиж үзэх ёстой улсын тоог маань та нэгээр нэмлээ. Сүүлчийн асуултаа танд үлдээе.
-Тулгамдаад үг орж ирэхгүй байна. Ямартай ч миний ярилцлагыг уншсан хүмүүс өөрөө өөртөө эзэн нь яваарай гэж хүсэх байна. Яагаад гээч. Та цор ганц. Тийм учраас хамгийн нэгдүгээрт өөрийгөө тавьж бай.