Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Ц.Мэнд-Ооёо: Тогооч хүн эмчтэй адил хүний эрүүл мэндийн манаанд зогсдог

Өмнөговь нутгаар аялж амрах үедээ энэ нутгийн шилдэг залуу тогооч нарын төлөөлөл болсон Ц.Мэнд-Ооёо тогоочтой уулзаж ярилцлаа. 

Тогооч мэргэжлийг ер нь яагаад сонгох болов оо?
Дунд сургуулиа төгсөөд тогоочоос өөр мэргэжлээр нэг жил суралцаж байгаад санамсаргүй байдлаар тогооч болсон доо. Сонгосон мэргэжил минь сэтгэлд нийцэхгүй олигтой ч суралцсангүй. Нэг л өдөр шинэ ресторан нээгдэж байгаа бөгөөд тогооч сургаж авна гэсэн зарыг сонсоод л очсон. Ингээд гал тогоонд багахан хугацаанд ажиллаад суралцахаар шийдэж Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийн МСҮТ-ийн тогоочийн нэг жилийн сургалтанд очиж суралцсан. Тэр үед манай нийтийн хоолны хамгийн том төлөөлөгч болох Ж. Октябрь гуай Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд яг хичээлээ заадаг, Монголын тогооч нарын холбоо тэр байранд байсан. 
Суралцаж төгсөөд яг гал тогоонд анх ажиллаж эхлэх үед ямар сэтгэгдэл төрж байв даа?
Сурч байх үедээ Номадс сүлжээ ресторанд дадлага хийсэн. Тэнд жинхэнэ гал тогоо “буцалж” хоол үйлдвэрлэл явагдаж байгааг хараад энд л би ажиллах ёстой юм байна гэж бодсон. Курсээ төгсөөд ажиллах хүсэлтээ тавиад анх бол бүр туслах тогоочоор ажилд орсон доо. 
Хэдий тогооч болоод төгссөн ч туслах тогоочоор орж байсан гэхээр тэнд ажиллах хүсэл их төрсөн байх нь дээ?
Хамгийн гол нь юм сурч авья гэсэн их хүсэл минь байсан. Өдөрт 2-3 шуудай төмс, 1 шуудай лууван арилгах, угаагч байхгүй бол аяга таваг ч угаана шүү дээ. Би хувьдаа тэдгээрээс шантрах биш эндээс би үүнээс их зүйлийг олж авна гэдэгтээ итгэлтэй байсан. Угаасаа тогоочоор төгссөн учраас удахгүй л тогоочоороо ажилласан. 
Дагаж дууриамаар сайн тогооч, багш нар олон байсан биз? 
Анх дадлага хийхэд Гэрэлээ гээд ахлах тогооч эгчтэй ажилласан. Их чимбай, гол нь маш хурдан шаламгай. Энэ хүнийг хараад ийм тогооч болохсон гэж бодсон. Мөн тэр үед Пагма гээд зууш салат дээр ажилладаг эгч байсан. Тэр эгч бас их нямбай, тогооч хүн эрүүл ахуй ариун цэврийн маш өндөр түвшинд ажиллах ёстой, тэгэж байж хоол нь чанартай сайхан гардаг гэж их хэлдэг байсан. Мастер тогооч С.Гантөмөр ахлах тогооч байсан, тэр хүнээс их зүйлийг бас сурч авсан даа. Ер нь хүний хийж байгаа юмыг маш сайн ажиглаж харж байж, тэрийгээ өөрийн болгож туршиж яг хийж сурсан хойноо олонд хүргэх нь зүйтэй гэж бодож байна.
Үйлчлүүлэгч тухайн хоолыг амсахад л тогооч хүний ажлын үр дүн ерөнхийдөө шууд мэдэгддэг онцлогтой шүү...  
Тийм. Тогооч хүний ажлын чанар ер нь шууд л илэрдэг. Сайн бол магтуулаад муу бол шууд гомдол ирнэ. Ер нь магтаал шүүмжлэл аль аль нь хүнд тусаа өгч байдаг. Нэг хүн гэнэт уулзая гэж дуудаад гарахад, баяр хүргэе сайхан хоол байна гэхэд л үнэхээр сайхан санагддаг шүү. Тогооч хүн ер нь ямар ч хүнийг сайхан хоолоор уяраах увдистай шүү. /инээв/ Би багаасаа эмээ дээрээ өссөн болохоор ямар нэг ажлыг чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Ингэж ажиллахад ил далд ямар нэгэн байдлаар шагнал нь ирдэг.
Танай сайхан нутагт уулзаж ярилцаж байна. Хэзээнээс нутагтаа ажиллах болов? Өөрийнхөө ажлыг танилцуулаач.
Номадс ресторанд 3 жил ажилласан. Тэгсэн миний төрсөн нутаг Өмнөговь аймагт Номадсын сүлжээ нээгдэх болсонд их баярласан. Ингээд Өмнөговь дахь рестораны ахлах тогоочоор ирж нутагтаа ажилласан. Жил гаран ажиллаад сүлжээний оронд энэ “Хишиг зоог” ресторан шинээр нээгдэхэд яг анхнаас нь ахлах тогоочоор одоог хүртэл ажиллаж байна даа.
Танай говь нутгийн өвөрмөц сайхан идээ ундаа их бий дээ...Сая өөрийн тань хийсэн хоол тэр дундаа хөмүүлтэй жигнэсэн гурил их сайхан амттай юмаа...
Говь нутгийн малын мах өөрөө их өвөрмөц сайхан амттай. Шим тэжээлтэй маш олон ургамлыг мал нь иддэг учраас мах нь амттай байдаг. Хүмүүс энэ хоолыг юугаар амталсан бэ гэж асуудаг. Гэтэл зүгээр л нутгийнхаа малын мах, байгалиас нь түүж авчирсан ургамлыг хэрэглэдэг. Хөмүүл, гоёо гээд нутгийн өвөрмөц брэнд болсон бүтээгдэхүүн байна. Манай ресторанд хийгддэг “Жимбий” гээд хоолыг хүмүүс зорьж ирж иддэг. Энэ бол ер нь манай нутгийн брэнд хоол юм. Хонины мах, гурил, ногоотой хэрнээ амт нь өвөрмөц. Хөмүүлээр амталдаг. 
Чамайг бас улс, аймаг, бүсийн чанартай тэмцээнүүдэд оролцож байсныг мэдэх юм байна. Гаргасан амжилтаа дурдвал...
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүний хувьд өөрөө өөрийгөө сайн хөгжүүлэхгүй бол бас өсөж хөгжих боломж бага байдаг. Тиймээс тэмцээнд орохын тулд биеэ дайчлана, их юм судалж туршиж үзнэ, тэр хэмжээгээр их шинэ зүйл олж мэдэж авна. Түүнчлэн тэмцээн уралдаанд ороход их цаг, зардал гардаг. Энэ тал дээр намайг маш их дэмждэг “Хишиг зоог” ресторанынхаа хамт олонд баярладаг.


Миний хувьд 2012 онд Номадс ресторанд ажиллаж байхдаа Улсын залуу аварга тогооч тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль авсан. Тэрнээс хойш 2015 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд аварга болоод бүсийн аваргаас 2 алт 1 мөнгөн медаль хүртсэн. Ингээд улсын аваргад оролцоод Ж.Октябрь гуайн нэрэмжит анхны шагнал, багийн төрлөөр мөнгөн медаль хүртсэндээ их баярладаг. Багийн гишүүд маань яг нэгэн үеийн, хамт ажилладаг байсан Гарьд, Энхбаяр би гээд гурвуулаа байсан. Бид их сайн найзууд. 
Залуу хүний хувьд цаашид олон мөрөөдөл, тэмүүлэлтэй биз? 
Хүн болгонд мэргэжлийн мөрөөдөл байдаг. Миний хувьд тогооч хүн гэдэг бол аль ч төрлийн хоол ундыг сайн хийчихдэг байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс олон орны хоолны соёлоос суралцах, мөн хийсэн амт чанартай сайхан хоолыг хэрхэн өнгө үзэмжтэй, хүний анхаарал татахуйц таваглаж чимэглэх гэх мэт яг хүнд хүргэх талаар бас судлах дуртай. Нэг талын маркетинг гэсэн үг юм даа. Ажлынхаа хажуугаар “Сэрүүлэг” дээд сургуульд бас сурч байна.
Тогооч мэргэжлийн тухай мөн өөрийн ажил, амжилтын тухай яриа өрнүүлсэн чамд баярлалаа. 
Баярлалаа. Би энэ мэргэжлийг сонгосондоо үргэлж бахархаж явдаг. Эхнэр маань эмч хүн. Тийм учраас гэр бүлээрээ хүний эрүүл мэндийн төлөө ажилладаг. Тогооч хүн эмчтэй адил хүний эрүүл мэндийн манаанд зогсож байдаг гэж би боддог.

1 Сэтгэгдэл
BAYR HURGEY Saihan hungun yriltslaga baina
Хамгийн их уншсан