Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журам маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.
Журамд зааснаар дараах хөнгөлөлт эдлэх юм. ҮҮНД:
- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх;
Аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх;
Дээрх хөнгөлөлт нь хүйтний улиралд буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ.