1 / 5
Монголын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ики Ёүжигийн МХБХ-той байгуулсан гэрээ энэ онд дуусгавар болж байна. Өдгөө 69 настай Ики Ёүжи манай улсад охид эмэгтэйчүүдийн шигшээ багийг олон улсын тавцанд гарахад гар бие оролцон, баг насны охидын дунд шигшээ багт тоглох хүсэл эрмэлзэл төрүүлэн, багаар тоглохын зах зухаас ойлгуулж, өөрсдийн гэсэн онцлогтой хөлбөмбөг тоглох ур чадварыг суулгасан юм.
16 хүртэлх насны охидын шигшээ багийг удирдан Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөн хоёр хожил авсан Ики Ёүжи 19 хүртэлх насны шигшээ багтай 10 сарын 20-28-ий хооронд Ливан улсад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх гэж байна. Ингээд Ики Ёүжитэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Анх монголд дасгалжуулагч болж ирж байсан тэр түүхээр энэхүү ярилцлагаа эхлүүлье.
- Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ удирдлагууд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд анхаарал хандуулж эхэлсэн учраас Японы Хөлбөмбөгийн холбоонд хандаж, хамтын ажиллагааны хүрээнд би Монгол улсад ажиллахаар болсон юм.
Монголд ирээд ямар байна гэж төсөөлж байсан бэ?
- Анх Монгол ийм байх болов уу гэсэн тодорхой төсөөлөл байгаагүй. Хэдийгээр 16 аас доош насны охидын шигшээ багийн дасгалжуулагч болно гэж мэдэж ирсэн ч хүүхдүүд маань яг анхлан суралцагчдын хэмжээнд байсан.
Түүнийг мэдсэн та хэрхэн шигшээ баг бүрдүүлж, бэлтгэл сургуулилт хийж байв?
- Хөлбөмбөгийн үндсэн техникийг анхнаас заахгүй бол болохгүй нөхцөл байдалтай тулгарсан.Түүнээс гадна цаг барих, багийн спортыг ойлгуулах, нэг нэгнээ хүндлэх зэрэг хөлбөмбөгөөс гадуурх ойлгох ёстой зүйлсийг заахгүй бол болохгүй байсан.
Тэдгээр асуудлуудыг яаж шийдэж байсан бэ?
- Хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч гэдэг шигшээ багт тоглохоор бэлтгэгдсэн байх ёстой. Тийм ур чадвар суулгахын тулд үндсэн техникүүдийг зааж цаг алдсан. Мөн олон улсын тэмцээнд оролцохын тулд гадаад орчинд бэлтгэл хийлгэхийг зорьсон. Үүнийг Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд нааштай хүлээж авч, хамтын ажиллагаатай ажилладаг Япон, Хятад зэрэг улсуудад бэлтгэл хийх бололцоогоор бүрэн хангаж байсан.
- Монголд хувь хүний спорт хөгжсөн ч багийн спортыг ойлгодггүй нь ганц бэрхшээл байсан.
МХБХ-ны шинэ бүтэц зохион байгуулалт эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд сүүлийн гурван жил нэлээдгүй ажлыг хийлээ. Та ч үүний нэг хэсэг байлаа. Таны хувьд энэ бодлого, ажлыг зөв зам гэж бодож байна уу? Болохгүй байгаа зүйлийг нь юу гэж харж байна вэ?
- Монголын хувьд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт анхаарч байгаа нь маш саашайлтай. Сүүлийн хоёр жил охидын шигшээ багийнхан маань хувь хувьдаа хичээсний хүчинд өөрчлөлт гарч байна. Үүнийг цааш нь хурдачтай үргэлжлүүлэх гол арга зам бол тасралгүй үргэлжлүүлэх явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилийг эхлэл, суурь гэж хараад эндээсээ хэрхэн цааш амжилттай үргэлжлүүлэх ёстой юм.
Таны хувьд Монголын охид эмэгтэйчүүдийн шигшээ багийн эхлэлийг тавьсан хүн. Өнгөрсөн хоёр жилийг хэрхэн дүгнэж байна вэ?
- Зөв шатандаа яваа гэдгийг л баталж чадах байна. Ххэ
Монголын 16 насны охидын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэн зургаан оноо авсан ч Хонг Конгийн багт 2:1-ээр хожигдсоны улмаас цааш шалгарч чадаагүй. Та энэ тэмцээн дээр юун дээр алдсан гэж бодож байгаа вэ?
- Хонг Конгийн багтай жилийн хугацаанд хоёр тоглоход олон бөмбөгний зөрүүгээр хожигдож байсан. Энэ жилийн хувьд үр дүн л 2:1 байсан болохоос ур чадварын хувьд хол хожигдоогүй ээ. Урьд урьдныхаас илүү хүчтэй байсан. Хэдийгээр цааш шалгарч чадаагүй ч охид маань ямар их өөрчлөгдсөн бэ? Гэдгээ харуулж чадсан гэж бодож байгаа.
Тэгэхээр тун удахгүй 19 хүртэлх охидын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Энэ багийн талаар товч мэдээлэл хүргэхгүй юу?
- 19 насны үндэсний шигшээ багийн талаар ярихын тул Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн талаар ярих шаардлагатай болно. Монголд хөлбөмбөг тоглодог эмэгтэй тоглогчид цөөхөн байгаа. Тэр утгаараа 19 насны шигшээ багийн талаас илүү хувь 16 насны охидын шигшээ багийнхан байх болно. Энэ бол хөлбөмбөг тоглодог хүн амын тооноос хамааралтай зүйл. Гэлээ ч бид энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлэхийг зорино. Манай хэсэгт Австрали гэсэн хүчтэй баг байгаа. Тэд хэсгээ тэргүүлэх өндөр боломжтой бол үлдсэн хоёр тоглолтод нь бид сайн тоглох боломж олдвол хожихыг хичээнэ.
Таны гэрээ энэ жил дуусч байгаа. Монголд хоёр жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа хэр үр дүнтэй байсан гэж бодож байна вэ?
- Миний хувьд анхнаасаа ганц бодож байсан зүйл байсан. Дасгалжуулагчийн сонгосон 11 хүн үйлдэл хийдэг спорт. Тиймээс миний сонгосон тоглогчид дасгалжуулагчийн хэлсэн зүйлсийг яв цав биелүүлж чадах хэмжээний тоглогчдыг гаргахыг хүсэж ирсэн. Одоо ч тийм л зүйл хүссэн хэвээ р л байна. Анхныхаас тэс өөр болсон. Гэхдээ дээр хэлсэнчлэн энэ бол дөнгөж эхлэл, илүү хичээх хэрэгтэй.
Монгол охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг тоглох чадварыг хоёр жилийн хугацаанд багагүй таньж мэдсэн байх. Таны бодлоор охид эмэгтэйчүүд юугаараа илүү, ямар чанараа эрхэм болгон цаашдын замналаа үргэлжлүүлбэл зохих вэ?
- Монголд ирээд ажиглаж байхад Монгол охидын бие бялдар хавь илүү. Гэхдээ би Японы хөлбөмбөгийг шууд Монголд хуулбарлахыг хүсээгүй. Японы хөлбөмбөгөөс авах зүйлийг нь авч Монгол хөлбөмбөгчдөд тохирох арга барилыг суулгах гэж хичээсэн гэхэд болно. Хамгийн гол нь багийн спорт, багаар сэтгэх гэдгийг л эрхэмлэж, үүний ойлгож, багаараа тэмцэж сурах хэрэгтэй гэж бодож байна.
19 хүртэлх насны охидын шигшээ багийнхантай Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцох гээд бэлтгэл ихтэй байгаа энэ үед бидэнд цаг зав гарган ярилцсан баярлалаа.
- Зүгээр дээ. Амжилт хүсье.