Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.ЖАРГАЛСАЙХАН: “ХҮНД ХЭЦҮҮ ЗҮЙЛСИЙГ ДАВАН ТУУЛАХГҮЙГЭЭР САЙХАН ЗҮЙЛС ИРЭХГҮЙ”

 

Монгол улсаас төрөн гарсан анхны футзалын олон улсын шүүгч Р.Жаргалсайхан хоёр хоногийн өмнө АХБХ-ны “Элит шүүгч” болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна. Ингэснээр Р.Жаргалсайхан МХБХ-ны 60 жилийн түүхэн дэх анхны АХБХ-ны “Элит шүүгч” боллоо. Тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудыг шүүн явуулах эрхтэй болсон Р.Жаргалсайхантай дараах зүйлсийг ярилцлаа.

1. Юуны өмнө Монголын хөлбөмбөгийн болон футзалын шүүгчдээс анх удаа Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” болсонд танд баяр хүргэе.

- Заа баярлалаа. АХБХ-ны элит шүүгч болсон мэдээгээ дуулаад удаагүй байна. Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх анхны АХБХ-ны “элит шүүгч” болсонд,тэр нь би өөрөө байсандаа маш их баяртай байна.

2. Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” гэж ямар шүүгчийг хэлдэг вэ? Энэ талаар үзэгчиддээ тодорхой мэдээлэл хүргэнэ үү.

- Манайхан ОУХБХ-ны шүүгч /FIFA Referee/ гэхээр илүү мэдэх байх. ОУХБХ-ны шүүгчид нь ОУХБХ-нд бүртгэлтэй тухайн гишүүн холбооныхоо шилдэг шүүгч гэсэн үг. ОУХБХ-ны зэрэглэлтэй, гишүүн холбооны шилдэг шүүгчийг АХБХ-руу явуулж, шат дараатай шалгалтуудад тэнцэж байж “АХБХ-ны элит шүүгч” болдог. “АХБХ-ны элит шүүгч” болсноороо тивийнхээ төдийгүй дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудыг шүүн явуулах эрхтэй болж байгаа юм.

3. Манай улсад талбайн болон футзалын төрөл хараахан тусдаа явагдаж эхлээгүй байгаа. Өөрийн чинь хувьд энэ байдлаас хэрхэн футзалын олон улсын шүүгч болсон бэ?

- Ер нь миний шийдвэр байгаагүй ээ. /хэхэ/ Миний хувьд 2016 онд манай улсад болсон футзалын ОУХБХ-ны шүүгчийн сургалтад би бүх дүнгээрээ 1-т жагссан. Үүний дагуу манай шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр намайг бодлогын хүрээнд олон улсын футзалын шүүгч болгомоор байна гэж байсан. Тухайн үед би хөлбөмбөгийн шүүгч болох хүсэл мөрөөдөлтэй байсан учраас тийм ч нааштайгаар хүлээж аваагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам ах нар,дарга нар маань ятгаж,надад зөөж зөвлөсөөр байсан. Жишээлбэл МХБХ-ны Техникийн захирал Ш.Жаргалсайхан “Бид олон улсын футзалын шүүгчтэй болох зорилго, бодолтой байна.” гэхчлэн олон удаа ярилцсаны эцэст би футзалын шүүгч болох болсон. Яваандаа би ч өөрөө футзалдаа их дуртай болж ирсэн учраас тууштайгаар хичээллэх болсон юм. Тэгээд 2017 онд миний нэрийг ОУХБХ-ны футзалын шүүгч болгох хүсэлт явуулсан. Тийм хүсэлт явуулсан учраас АХБХ-ны элит шүүгчийн шалгалт өгөх эрхтэй байдаг. Тэрхүү шалгалт бүтэн жил үргэлжилж тэнцсэн учраас 2018 оны есөн сард “АХБХ-ны элит шүүгч” болж чадлаа. Ерөнхийдөө футзалын сонгосон шалтгаан нь шүүгчийн хэлтэс, техникийн захиралын бодлого зөв байсан учраас би футзалын шүүгч болсон доо.

4. МХБХ-ны шүүгч болоод хэр хугацааг өнгөрөөв. Энэ хугацаанд МХБХ-ны болон олон улсын ямар ямар тэмцээнүүдийг шүүн явуулсан бэ?

- Миний шүүгч болсон нь их азтай тохиолдол байсан. Анх 2010 онд шүүгчийн сургалтад суучхаад, хөлбөмбөгийн холбооны шүүгч бололгүйгээр хичээлийнхээ хажуугаар албан байгууллагуудын тэмцээн шүүгээд, загнуулаад л явдаг байсан. Харин 2013 онд Б.Хаш-Эрдэнэ ахтай автобусанд таарсан. Тэр үед Б.Хаш-Эрдэнэ ах маань “Шүүгч нар дутмаг байгаа. Чи ирээд ажилла” гэсэн. Тэр цагаас л хүүхэд багачуудын тэмцээнээс эхлээд бүхий л тэмцээн дээр ажиллаж үзсэн. Энэ жил тав дахь жилдээ шүүж байна. Гадаад тэмцээнүүд гэвэл Улаан-Үүд хотод болдог “Кубок Гурсовета” тэмцээнийг 2016 онд шүүсэн, энэ онд Казахстаны Алматы хотод болсон Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний есөн тоглолтын долоон тоглолт дээр нь талбайн шүүгчээр ажилласан. Үүнээс сурсан зүйл минь их туршлага болсон. Үүнийгээ цааш цаашдаа өөрөө улам сайжруулж, бусдадаа зааж зөвлөж байх болно.

5. Шүүгч нар тэмцээнээс өмнө маш их бэлтгэл хийж, дүрэм судлаж, өөрсдийгөө сайжруулсаар байдаг ч тоглолт дээр тодорхой хэмжээгээр алдаа гаргадаг. Таны бодлоор сайн шүүгч гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Миний бодлоор хөлбөмбөгөө илүү сайн ойлгосон байх ёстой юм болов уу. Тамирчид ямар үед уурладаг, ямар үед тайван байдаг, ямар үед тамирчдын контакт илүү аюултай байдаг, ямар үед тоглолтын уур амьсгал ширүүсдэг зэргийг мэдэрдэг,мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Тамирчдыг дүрмийн дагуу удирдаж, зөв шаардлага тавьж чаддаг байх хэрэгтэй. Мөн зарим үед өөртөө итгэлтэй,шийдэмгий,зоригтой байх шаардлагатай байдаг. Сайн шүүгч байхаасаа гадна харилцааны соёлтой сайн хүн байх шаардлагатай юм болов уу гэж боддог.

6. Их зүйлийг золиослон байж энэ амжилтад хүрсэн байх. Монголд шүүгч байна гэдэг хувь ямар ямар золиос шаарддаг вэ?

- Энэ бол Монголд тулгардаг том асуудал. Миний хувьд гэр бүл, дур сонирхлоо золиослоод энэ бүхнийг эхлүүлсэн. Төгсөхөд ганцхан жил дутуу байхад сургуулиа орхиод шүүгч боллоо гэхэд гэр бүлийнхэн маань дургүйцэж, тэдэнтэйгээ маргалдаж байсан үе байсан. Үнэхээр гэр бүл гэдэг тэр том зүйлийг сөрөөд, хайртай дуртай, хийж бүтээж чадна гээд эхэлсэн учраас хичээхээс өөр сонголт байгаагүй.

- Тухайн үед цалин мөнгө бага байсан. Анх орж ирж байгаа хүүхдэд хандах тоглогчид, дасгалжуулагчдын хандлага нь ихэнхидээ уур бухимдал, хараалын үгсээр илрэнэ гээд маш олон хэцүү зүйл байсан. Тэр бүгдийг даван туулахад амаргүй байсан. Гэхдээ хүнд хэцүү зүйлсийг давалгүйгээр сайхан зүйлс ирэхгүй. Би одоо ч гэртээ тусдаа өрөөнд өөр хоолны дэглэм, цаг хугацааны өөр горим, амралтаар амардаг. Тиймээс гэр бүлдээ төдийлөн цаг зарцуулж чаддаггүй учраас заримдаа хэцүү байдаг. Гэлээ гээд би шүүгч болохоор шийдсэн учраас үүнээсээ няцдаггүй дээ. Хүн бүр л ямар нэг асуудалтай,байнга нүүр тулгарч байдаг.Түүнийг хэрхэн даван туулж байгаагаас л тэр хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлдог гэж би бодож байна. Ялангуяа сүүлийн нэг жил өглөө болгон 6 цагт босч бэлтгэл хийгээд 7 хоногт 2-3 удаа Англи хэлний хичээлд суух амаргүй байсан шүү.

7. АХБХ-ны элит шүүгч болсон нь том амжилт, их хөдөлмөр. Гэлээ гээд болчихлоо гэсэн үг биш. Энэ нь цаашид их зүйл хийж бүтээхийн эхлэл гэж би харж байна. Тэгэхээр та юу юу хийхээр, хаана хүрэхээр төлөвлөж байгаа вэ?

- За тэгэлгүй яахав. АХБХ-ны элит шүүгч гэдэг нь мундаг том хүн болчихлоо гэсэн үг биш. Монголд л анхных болохоос олон улсад ийм шүүгчид олон бий. Жишээ нь АХБХ 90 футзалын шүүгчтэй, 150-200 гаруй хөлбөмбөгийн шүүгчтэй. Тэгэхээр би хэний ч хүрээгүй газар хүрчихсэн юм биш. Тиймээс цаашид бүр илүү хичээх үүрэг хариуцлага надад оногдож байна. Монголынхоо шүүгчдэд зааж сургах, гадаадын шүүгч нартайгаа өрсөлдөх, тэднээсээ илүү гарах, хурдан сайжрах, өөрийгөө улам бүр хөгжүүлэх гээд олон зүйл миний өмнө байна.

8. Ярилцсанд баярлалаа. Энэ ярилцлагын төгсгөлд өдийг хүртэл туслаж дэмжсэн. Магадгүй баярлалаа гэж хэлж амжаагүй хүмүүст талархалын үгээ хэлээсэй гэж хүсэж байна.

- Өдийг хүртэлх таван жилийн хугацаанд тусалж дэмжсэн хүмүүс маш их. Өнөөдрийн миний хүрсэн амжилт бол ганц Жаргалсайхан гэдэг хүний явсаар байгаад хүрчихсэн амжилт яав ч биш. Хамгийн түрүүнд Б.Хаш-Эрдэнэ ахдаа автобусанд таарсанд баярлалаа/хэхэ/. Намайг анх шүүгч болоход шүүгчийн хувиар багш минь байж чадсан олон хүн байгаа. Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр болон Б.Хаш-Эрдэнэ, Ч.Жавхлантөгс ах нар маань. Э.Ариунболд, Б.Даваасүрэн, Э.Төмөр-Очир гээд маш олон зүйл зааж өгсөн хүмүүс байгаа. Түүнээс гадна намайг сүүлийн нэг жилийн хугацаанд бэлдсэн МХБХ-ны фитнессийн багш Д.Батчулуунд маш их баярлалаа. Тэнцсэн мэдээгээ сонсоод хамгийн түрүүнд Батчулуун багшруугаа нүдэндээ нулимстай залгаж баяр хүргэсэн. Үнэхээр Батчулуун багш байгаагүй бол би өнөөдөр энд ингээд ярилцлага өгөөд сууж байхгүй байсан байх. Багшийн маань заасан зүйлс, өгсөн зөвлөгөө, яг шантрах гэж байгаа үед хэлсэн урмын үг, хор шар малтаад зоригжуулсан хүчтэй үгс нь надад маш их нөлөөлсөн.

- Мөн МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал ах маань байна. С.Жаргал ахаас би их зүйл сурч, үлгэр дуурайлал авдаг. Англи хэлийг зааж,урам зориг өгч байдаг “Вестерос” сургалтын төвийн багш Тулгаа даа маш их талархаж явдаг.

- Тэгээд хамгийн эрхэм хүмүүс минь : МХБХ-ны бүх шүүгч нартаа халуун баяр хүргэе. Та нар чадсан. Та нарын дундаас Монголын анхны “АХБХ-ны элит шүүгч” гарч чадсан шүү. Энэ бол дан ганц миний биш та нарын минь баярлах зүйл.

- Эцэст нь их зүйл дээр тусалж дэмжиж, олон улсын тавцанд гарах үүд хаалгыг нээж өгсөн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир нартаа чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан