Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.ТҮВШИНТУЛГА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

 

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдөр Монголын багийн анхны медальтан тодорлоо. 

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Mongolia Open” тэмцээний хошой, Монгол Улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов.

Ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс 58 дахь медалиа хүртэж, 31 дэх хүрэл медалийн эзэн тодорлоо.


Т.Түвшинтулга Унгарын нийслэлд 1/16 шигшээд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж, 1:2-оор ялагдсан. Оросын бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар ялж, дэлхийд данстай бөх гэдгээ харууллаа. 

Түүний анхны багш нь спортын мастер Паламын Чулуунбаатар, одоогийн багш нь Монгол Улсын Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар юм.

 

Т.Тулга, Л.Төртогтох нар дагаж барилдана

Тэмцээний хоёр дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс хоёр нь өнөөдөр дагах барилдаанд гарах боломжтой боллоо. Тодруулбал, 65 кг-д Энэтхэгийн Бажран Пуниа аваргын төлөө өрсөлдөх болсон тул түүнд ялагдсан манай тамирчин Т.Тулга өнөөдөр дагаж барилдахаар болов. Тэрбээр дагах барилдаанд ялбал хүрэл медалийн төлөө Кубын А.Валдестай өрсөлдөнө. 

Мөн 92 кг-д Беларусийн И.Янковский финалд өрсөлдөх эрхээ авснаар манай Л.Төртогтох дагах барилдаанд БНСУ-ын бөхтэй хүч үзэхээр болж байна. Түүнийг ялвал хүрлийн төлөө Японы А.Мацүмото түүнийг хүлээж байна. Харамсалтай нь, өчигдөр барилдсан бөхчүүдээс Э.Бэхбаяр /57 кг/ , П.Өнөрбат /79 кг/ нарын хувьд тэмцээн дууслаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан