Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн сайдын мэдээллийг товчлон хүргэж байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Олон улсын зах зээл дэх шатахууны үнийн өсөлт манай улсын шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж байна. Манай улс 100 хувь гадны улс орноос шатахуунаа авдаг. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2016 онд хамгийн доод хэмжээндээ хүрсэн бол энэ онд өсөлттэй байна. Ирэх сараас дахиж нэмэгдэх хандлагатай байна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, валютын ханшны өсөлттэй уяалдсан татварын бодлогыг тухай бүрт авч хэрэгжүүлж байсан.
Шатахууны онцгой албан татварыг гурван үе шаттайгаар бууруулж, үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд тогтвортой байлгаж чадсан.
Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны онцгой албан татварыг 2017 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим шатахууны татварыг тэгэлсэн. Үүнээс хойш ямар ч зохицуулалт хийгээгүй. Тиймээс нэг литр шатахууны үнэ 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсдөг. Энэ нь хавар буурдаг. Одоо бол өсөлтийн үе байна. Газрын тосны импортын үнэ өмнөх сартай харьцууулахад 45-80 ам.доллароор нэмэгдсэн байна.
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО
Салбарын сайдын мэдээллийн дараа гишүүдийн асуусан асуулт хариултыг товчлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид яагаад хуурамч шатахуун хэрэглээд байгаа юм бэ. Төр яагаад ямар ч бодлогогүй байгаа юм?
Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2017 онд тушаал гаргаж, хуурамч шатахууныг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлт 2018 оны зургаадугаар сард гарсан. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах бэлтгэл хангагдаад байгаа. Шалгалтын хүрээнд таван аж ахуйн нэгжийг хамруулсан. Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Петролеум продакшн”, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ай Си Ай Си”, “Транс”, “Алтан оршихуй” компаниуд хамрагдсан. Ингээд зургаан чиглэлээр дүгнэлт гарч байгаа.
Лабораторийн шинжилгээгээр хоёр, гурван төрлийн бүтээгдэнхүүн стандартын шаардлагад хүрэхгүй байна гэж дүгнэсэн. Цаашид хилээр орж ирж байгаа нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авдаг байх хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Нийт орж ирж байгаа шатахууны хэдэн хувь нь жижиглэнгээр борлуулагддаг вэ. Бодлого байхгүй учраас үнэ саваад байгаа юм. ОХУ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс татварынхаа хэмжээг нэмэх юм байна. Дахиад үнэ нэмэгдэх үү. Тамсагаас хэдий хэмжээний түүхий нефть гаргаж байгаа вэ. Гаргаж байгаа газрын тосныхоо тал хувьд нь шатахуун авах ёстой. Гэтэл маш бага авдаг. Яагаад ийм байгаа вэ. Түүхий нефть Хятад руу гаргаж байгаа улс Хятадаас хямд үнээр шатахуун авах боломжтой. Энэ яагаад ажил хэрэг болохгүй байна вэ. Сангийн яам, Уул уурхайн яамны хамтын ажиллагааг хангахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Өсч байгаа эдийн засгаа тодорхой түвшинд барих гэж л Засгийн газар хичээж ажиллаж байгаа. Петро Чайна Дайчин Тамсагтай бүтээгдэхүүн авахаар ярьж байгаа. ОХУ татварын хуулиндаа өөрчлөлт оруулсан. Үүнээс өмнө хоёр талаас ажлын хэсэг гаргаад, үнийн зохицуулалт хийх, нөөцөө бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Оруулж ирж байгаа шатахууны 40 орчим хувийг жижиглэнгээр борлуулдаг.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Дорноговьт баригдаж байгаа шатахууны үйлдвэр хэзээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх вэ. Жилд манай улс хэдэн ам.доллараар шатахуун авч байна вэ?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Роснефть компанитай урт хугацааны бодлого ярьж байгаа. 2022 оны арваннэгдүгээр сард нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Ирэх сард ТЭЗҮ-ээ хүлээж авна. Гуравдугаар сараас бүтээн байгуулалтаа эхэлнэ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: 2018 оны нэгдүгээр сараас эхлэн АИ80, АИ92-ын онцгой албан татварыг тэгэлсэн. Дизель дээр л онцгой албан татвар ногдуулсан. Хамгийн өргөн хэрэглээнийнх нь АИ80, АИ92 байгаа. Хамгийн багаар нь тэг болгосон. Гааль бол УИХ-аар тогтоосон таван хувийн татвараа авч байгаа.
Бид хуулийн болон татварын хувьд хамгийн том зохицуулалтаа хийсэн байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дэлхийн зах зээл дээр бензины үнэ хямд байхад манай нефть ипортлогчид яагаад үнээ буулгадаггүй юм бэ. Одоо нэмэгдэхээр дагаад нэмэх юм.
Гадны орнуудад дизель хямд байхад яагаад манайд илүү үнэтэй байгаад байна вэ. Түүнчлэн ОХУ ДУМ-ээсээ 2018 оны наймдугаар сараас эхлэн экспортын татварын 30-90 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг Засгийн газартаа өгчихсөн. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн бензиний үнэ автоматаар нэмэгдэх нь харагдзаж байна. Тэгэхээр үүн дээр төрийн бодлогоор хэлэлцээр хийх боломж байна уу.
Мөн шатахууныг нөөцөд хадгалах асуудал чухал байна. Нефтийн үнэ байнга хямд байх юм шиг явсан. Одоо хадгалах сав байна уу. Ер нь цаашдаа нефтийн үйлдвэр ашиглалтад орох юм уу яах юм.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Нефть боловсруулах үйлдвэрийн ажил яг төлөвлөгөөний дагуу явж байгаа. Энэтхэг улсын Засгийн газар болон манай улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу нэг тэрбум долларт багтааж боловсруулах үйлдвэр барина.
Энэтхэг улсын “Экспорт импорт” банкны удирдлага манай улсын Гадаад хэргийн яам, төсөл хариуцаж байгаа компанийн удирдлагууд ирж уулзаад эцсийн байдлаар арваннэгдүгээр сарын 10 гэхэд ТЭЗҮ-ээ хийхээр болсон.
Газар шорооны ажил буюу бүтээн байгуулалтын үндсэн суурь ажлын гүйцэтгэл 40-50 хувьтай явж байгаа.
ОХУ-тай нефть боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой тавих ажилд хамтарч ажиллахаар хэлэлцэж байгаа. Сая ОХУ-аас Роснефть компанийн удирдлагууд ирж уулзан, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөөгөө гаргаад явж байгаа.
Арваннэгдүгээр сарын 15 гэхэд энэ ажлуудын тодорхой болчих байх гэсэн төлөвлөгөөтэй байна. Дамжуулах хоолойн ажилд ОХУ аж ахуйн нэгжүүд оролцох сонирхлоо илэрхийлсэн.
УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: Дизель яагаад бензинээс үнэтэй зарагдаж байна вэ гэхээр дизель түлшинд онцгой албан татавар тавьж байгаатай холбоотой. Ийм учраас жижиглэн борлуулах үнэ нь өндөр байгаа.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хямд байхад манай хямдардаггүй гэж байна. Энэ нь тухайн үед онцгой албан татварын хувь хэмжээ өндөр байсан. Тиймээс жижиглэнгийн үнэ өндөр байсан.