УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдийн санал, гомдолд дарагдах болжээ. Учир нь сүүлийн үед шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, гадаад валютын ханш өсч төгрөг суларсан зэрэг асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл ар араасаа цуварч байгаа юм. Тухайлбал, төрийн бус байгууллага болон иргэдээс “Импортлогч компаниуд Үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин, шатахууны үнийг удаа дараа нэмсэн. “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-т үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай заалтыг зөрчиж, чанаргүй автобензин, түлш үйлдвэрлэж хэрэглэгч иргэдийг хохироосон, тэдний худалдан авах чадварыг бууруулсан талаар хэлэлцүүлэг зохион байгуулж тодорхой арга хэмжээ авахыг хүссэн өргөдөл удаа дараа гаргажээ. Товчхондоо төр засаг дур зоргоороо авирлаж буй шатахуун импортлогчдын толгойг илж толгойг илж түрийвчийг нь түнтийлгэж байна. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөр доройтож олсон хэдэн төгрөг нь үнэгүйдэх боллоо хэмээж буй юм.
УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар гээд шатахууны асуудал хариуцсан төрийн байгууллага, импортлогч нар жижиглэнгийн үнэ
-Ам.долларын ханш
-Хилийн үнэ
-Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнээс тогтдог гэж мэдэгдэв. Гэтэл дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурах үед манайд жижиглэнгийн үнэ дагаад хямдардаггүй. Өссөн цэг дээрээ гацаад үлддэг нэмэх цэг дээр тогтдог гажиг тогтолцоо манайд бий.
Тэгвэл яагаад ийм гажиг тогтолцоо тогтсоныг Монголбанкнаас "Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтын үед манай улс газрын тосны бүтээгдэхүүнээс татвар авч, төсөвт төвлөрүүлж байсан. Татварын зохицуулалтыг хийж байгаа бол төсөвт оруулахгүйгээр сан бүрдүүлж, үнэ өсөх үед зах зээлдээ гаргах нь оновчтой шийдэл" хэмээн тайлбарлаж байгаа юм.
Иргэдийн гомдол мэдээлэл яах аргагүй байдалд хүргэсэн учраас Өргөдлийн байнгын хорооноос автобензин, дизель түлшний үнэ болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг хийв.
Энэ онд шатахуун импортлогчид жижиглэнгийн борлуулалтын үнийг 1,2,7,8,10 дугаар саруудад буюу нийт 5 удаа нэмэгдээд байна.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 94 хувийг ОХУ, 1 хувийг БНХАУ, 2 хувийг БНСУ, 3 хувийг бусад улс тус тус эзэлдэг байна. Харин төрлийн хувьд 63 хувь нь дизелийн түлш, 29 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 4 хувийг 90-ээс доош октантай автобензин, 4 хувийг ТС-1 буюу онгоцны түлш эзэлж байна. Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн түвшин зэргээс хамаарч тодорхойлогдож байгааг албаны хүмүүс мэдээлж байлаа.
Мөн Онцгой албан татварын хуулиар хилийн боомт, шатахууны төрөл тус бүрээр 1 тонн тутамд онцгой албан татварыг тогтоосон. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлшинд 280,000 төгрөг, Эрээнцав боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 80,000 төгрөг, дизелийн түлшинд 150,000 төгрөг төлдөг. Харин өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензин онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 26 дугаар тогтоолоор тэглэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэв. Мөн тэрбээр, “ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул валютын ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр тайлбар өглөө.
Шатахуун импортлогчидын амны уншлагын нэг нь ам.долларын ханш. Гэтэл УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат "2014 онд “Роснефть” компанитай байгуулсан гэрээнд төлбөрийг ам.доллараас өөр валютаар хийх боломжтой талаар тусгасан" хэмээн мэдэгдэв. Тэгэхээр бусад валютаар төлбөр тооцоо хийж ханшийн зөрүүний үнийн өсөлтийг хязгаарлах боломж байгаа аж. Хамгийн гол нь үнэ өсгөх ашиг сонирхол байгаа учраас ам.долларыг шүтэж ард түмний хосыг шувтарч байна гэхэд хилсдэхгүй нь.
Ингээд уг хэлэлцүүлэг газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд нийцүүлэн татварын бодлогоор дотооддоо зохицуулалт хийх, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах, стандартын шаардлагад нийцэхгүй шатахууны үйлдвэрлэлд хяналт тавих шаардлагатай болжээ хэмээн өндөрлөв.