Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын материалын дийлэнхийг импортоор авч буй юм. Гэтэл барилгын материал үйлдвэрлэх түүхий эд хангалттай байдаг. Иймд холбогдуулан НИТХ-ээс дөрвөн жилийн өмнө Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж байгаа билээ. Тус парк нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилготой юм.
Одоогоор Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас тус парк хүртэлх 4.67 км авто зам барих гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь барьж 2019 онд ашиглалтанд оруулна. Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯамнаас зарласан. Үүний гүйцэтгэгчээр “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар Улс, Нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн ажилд зарцуулаад байна.