ДЦС-4 тэг зогсолт хийхэд улс орон даяар цахилгаангүй болж хүнд байдалд орсон. Мэргэжилтнүүд хэрэв өвлийн цагт энэ явдал тохиосон бол Улаанбатар хот хөлдөх аюул болох байлаа гэдэг. Тэгвэл нийслэлийн өвлийн бэлтгэл хэрхэн хангасан талаар Улаанбаатар хотын удирдлагууд ярилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөжээ. Одоогоор 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлт гарч байна хэмээн холбогдох байгууллагууд тайлагнав.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дара Т.Гантөмөр “Амгалан дулааны станц, II, III, IV цахилгаан станцууд нийтдээ 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 259 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай. 12-20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ОСНААУГ, УСУГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэрэг Инженерийн хангамжийн 12 байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангахаар 349 ажил төлөвлөснөөс 337 ажлыг гүйцэтгэж 97 хувийн биелэлтэй байгаа. Нийслэлийн харьяа агентлагууд 94 хувь, дүүргүүд 97 хувийн бэлтгэлтэй байгаа” гэв.
Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлжээ.