Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны зургийн цогцолбор болон Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хамгаалалтын захиргаа байгуулна.
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн 1992 онд 12 мянган ам.км талбайг төрийн хамгаалалтад авчээ. Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар 1995 онд Бурхан Халдуныг төрийн тахилгат уул болгосон байна. Монголчуудын үндэсний бахархалт Бурхан Халдун уулыг 2015 онд дэлхийн өвд бүртгэжээ. Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгэсэн нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр болох юм.
Монголын нууц товчоонд тэмдэглэсэнээр Чингис хаан “Бурхан халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж тэртээх 800 гаруй жилийн өмнө зарлиг буулгасан байдаг.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 2011 онд 35 дугаар хуралдаанаар “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргажээ.
Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм. Хадны зураглалын хувьд бусад улсуудтай харьцуулахад талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ гайхамшигтай дурсгал хэмээн судлаачид үздэг.