Өрхийн хэрэглээний зээл хурдацтай өсч байгаа нь эдийн засагт дунд, урт хугацаанд сөр нөлөөтэй хэмээн эдийн засагчид хэлж буй. Мөн Монголбанкнаас ч зээлийн өсөлт нь өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн үзэж буй юм.
Иймд Монголбанк макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо. Энэ шийдвэрийг 2019 оны 1 сарын 1-нээс арилжааны банкууд мөрдөнө.
Үүнээс гадна гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлэх болов. Энэ шийдвэрийг 2019 оны 1 сарын 1-нээс мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.