Монгол Улсын эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгааг судлаачид болон эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд онцолж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк /АХБ/ энэ оны эхний хагас жилд 6.3 хувийн өсөлттэй гарсаныг “Азийн хөгжлийн төлөв-2018” тайландаа тодотгов. Энэ өсөлт уул уурхайн хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэн нь хэрэглээг дэмжсэн зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй юм. Харин цаашдын төлөв байдлыг дараах байдлаар төсөөлжээ. 2018 оны эцэст 6.4, 2019 онд 6.1 хувиар өсөх таамаглал дэвшүүлэв. Гэхдээ уул уурхайн хөрөнгө оруулалтын өсөлт саарна. Үүний нөлөөгөөр эдийн засгийн өсөлт ялимгүй буурна хэмээн тус банкны эдийн засгийн шинжээчид үзэж байгаа юм.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл энэ оны хүлээлтийг давлаа. Өрхийн зээл олголт эрс нэмэгдсэнээс иргэдийн бодит хэрэглээ нэмэгдсэн. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Тухайлбал, нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Эдийн засаг зарим хүчин зүйлсд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, тус улсад хэрэгжиж буй макро эдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал хэмээн үзэж байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж тайлбарлаж байна.
Уул уурхайн хөрөнгө оруулалт манай улсын ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Нөгөө талаар өрхийн зээл эрс өссөн тул хэрэглээ нь ДНБ-ний 3.9 хувийг бүрдүүлсэн тооцоо гарлаа.
АХБ-ны тайланд “Төсвийн зарлагаас үлэмж давсан орлогын нөлөөгөөр оны эхний хагаст нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 2.8 хувьтай тэнцэх ашигтай гарав. Импорт 32.7 хувиар буюу экспортын 15.7 хувийн өсөлтөөс илүү эрчимтэй өссөнөөр урсгал дансны алдагдал оны эхний хагаст ДНБ-ний 10.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдэв” гэж дурджээ.
Харин энэ оны эхний 8 сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан. Гэвч худалдааны жингээр тооцсон болон инфляцын тохиргоо хийсэн дүнгийн аль алинаар нь худалдааны гол түншүүдийн мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан байна.
Инфляц энэ оны эхний хагас жилд 6.5 хувиар өссөн. Үүнд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт ч инфляц дээшээ хөдлөх хөшүүрэг болсон байна. Гэвч инфляц цаашид тогтвортой байхаар АХБ-наас төсөөлөв. Учир нь 2016 оны ханшийн уналтын нөлөө суларч байгаа юм. Мөн түлшний үнийг тогтвортжуулах зорилгоор Засгийн газар түлшний онцгой татварыг цуцалсан. Үүн дээр нэмэлт арга хэмжээ авч болзошгүй байгааг харгалзан үзэж инфляц тогтвортой байх хүлээлт гарсан аж. Хүлээлтийг давсан эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр импорт өсөх, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд ихэнх ашгаа буцаан хөрөнгө оруулах ч нилээдгүйг гадагш шилжүүлэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2018 оны урсгал дансны алдагдал нэмэгдэх таамгийг дэвшүүлж байна.
Тэгвэл Монголбанк 2019 онд баримтлах Төрийн мөнгөний бодлогод “Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай” хэмээн тусгажээ. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.