Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.ЗАНАБАЗАР “ШАХТЕРСКАЯ СЛАВА” ОУТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Зургаа дахь удаагийн тэмцээнд 26 орны 189 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас ҮБТДС-ий багш, дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайханы удирдлага дор таван тамирчин хүч үзсэнээс 57 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Кемеровогийн дэвжээнд эзэн орны 1/8 шигшээд Кудерек Ондарыг 12:0-ээр ялсан ч шөвгийн наймд Буриадын Тамир Гармаевт 3:9-өөр ялагдсан. Улмаар дагах барилдаанд Новосибирскийн Хуршид Артыковыг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Артыш-оол Арзылийг 10:3-аар ялж, энэ жилийн “Уурхайчдын цом”-оос манайхны цорын ганц медалийг авчирлаа. “Шахтерская Слава”-д өмнө нь гавьяат тамирчин П.Өнөрбат 2014 онд мөнгө, ОУХМ Н.Золбоо 2014, ОУХМ Д.Цогтбаатар, ОУХМ Д.Гомбодорж 2015, гавьяат тамирчин Э.Ням-Очир 2016, ОУХМ О.Үйтүмэн 2017 онд хүрэл медаль хүртэж байв. 
Манай бусад бөхчүүдэс 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ Тувагийн Амир Чамзыныг оноогоор цэвэр ялсан ч Эрхүүгийн Дмитрий Зунтаевт 1:6-гаар, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн Красноярскийн Иван Филипповт 1:4-өөр, спортын мастер Б.Өсөхбаяр Армений Папикян Хачатурт 2:8-аар, 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар Санкт-Петербургийн Тажи Давудовт 1:5-аар ялагджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан