Нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байгаа талаар холбогдох байгууллагууд нь шуурхай мэдээлэл хүргэж байгаа билээ. Өчигдөр гэхэд Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өчигдрийн 17:00 цагаас өнөө өглөөний 09 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгэ чиглэлд гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Харин өнөөдөр хойд чиглэлд 52, 124-ийн даваа, өмнө чиглэлд Өндөр довын орчим замын нөхцөл хүндрэлтэй, нойтон цасны улмаас мөстсөн, хальтиргаа гулгаа ихтэй байгаагийн улмаас Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дундговь аймгийн чиглэлд зорчих бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Мөн өнөө маргаашдаа орон нутагт зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулжээ.