Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг сүүлийн үед нэлээдгүй гарсан. Харамсалтай нь, энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдүүд холбогдох болсон нь олон нийтийн сэтгэлийг түгшээж буй. Одоогоор томчууд бидэнд насанд хүрээгүй хүүхдүүд зөвхөн газ, цавуу үнэрлэж мансуурдаг гэсэн өрөөсгөл ойлголт л бий.
Тэгвэл хэдэн жилийн өмнө мөсөн чихэр, баримлын шавар хэлбэрээр орж ирдэг байсан хар тамхи өнөөдөр манай улсад “Түргэн гүзээлзгэнэ” буюу /STRAWBERRY QUICK/ нэрээрээ орж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс эцэг эхчүүддээ зориулж гадаад улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэх болсон энэхүү мансууруулах бодисын талаар мэдээлэл хүргэе. Учир нь, энэхүү бодисын хэрэглэгч, хохирогч нь сургуулийн насны хүүхдүүд байна гэсэн мэдээллүүд гарах болжээ.
Энэхүү бодис нь хар тамхитай төстэй бөгөөд харахад гүзээлзгэний амттай, тэсэрдэг чихэртэй төстэй аж. Нэг төрлийн мөс гэж нэрлэгддэг бөгөөд үнэр, амт нь яг л гүзээлзгэнэ шиг. Сургуулийн гадна талбайд бие биедээ дамжуулж хэрэглэдэг энэхүү бодисоо гүзээлзгэний мөс эсвэл түргэн гүзээлзгэнэ гэж нэрлэдэг байна. Учир мэдэхгүй хүүхдүүд энэхүү мансууруулах бодисыг нь чихэр хэмээн бодож иддэг гэнэ. Харин үйлчилж эхэлмэгц хүүхдийн биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгддэг байна. Энэ мансууруулах бодис нь мөн шоколад, самрын тос, кока кола, черри болон усан үзэм, жүржээс илэрдэг гэсэн мэдээлэл ч байна.
Мөн энэ бодисын талаар “Википедиа” дээр “2018 онд үргэлжилж байгаа мансууруулах бодисын айдас юм” хэмээн бичжээ. Хар тамхи хэрэглэгчид насанд хүрээгүй ялангуяа арван жилийн хүүхдүүдийг уруу татах, тэдэнд мансуурахыг санал болгосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Тиймээс хүүхдүүдээ үл таних этгээдээс ямар нэгэн амттан авахгүй байхыг ялангуяа чихэр гэж итгүүлэн өгсөн зүйлийг нь огт идэхгүй байх, авч болохгүй гэдгийг анхааруулж байхад гэмгүй л болов уу. Анхаарал, болгоомж хэзээд илүүдэхгүй.