Улаанбаатар хотоос зүүн тийш чиглэсэн ганц гол зам нь Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозам юм. Гэтэл энэ замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсэх болсон. Иймд уг замыг яаралтай засах шийдвэрийг нийслэлээс өнгөрсөн сарын 31-нд гаргаж ажил нь эхлээд буй. Тус автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөж байна. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл буурах аж. Энэ замын барих ажил өнөөдөр 70 хувийн гүйцэтгэлд хүрчээ.
Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа юм. Уг замын зорчих хэсгийн өргөн 7-14 метр, 2-4 эгнээтэй 3.5 километр урттай барьж байна.
Харин Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ажээ.