Харь гарагийнхан гэж байдаг уу? Хэзээ ч хуучрахгүй энэ л асуулт хариултаа хүлээсээр. Магадгүй та урьд хожид үл мэдэгдэх нисдэг биеттэй таарч, логик үндэслэлээр тайлбарлах боломжгүй хачин сонин үзэгдлүүдтэй учирч байсан байж болох юм. Эсвэл, "өөр гараг дээр бидний л адил амьдрал буцлан байдаг болов уу?" хэмээн тэнгэр ширтэн бодолхийлэх дуртай ч байж магад. Эс бөгөөс нууцлаг бөгөөд даацтай энэ асуултын хариултыг эрж олохын тулд идэвхийлэн чармайж, олон ном товхимол, сонин сэтгүүл, өгүүлэл нийтлэл, ярилцлага сурвалжлагын дунд удаан хугацааг элээсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Тэгвэл танд нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад Монголын Раелийн хөдөлгөөнөөс харь гараг сонирхогчдын чуулга уулзалтыг гурав дахь жилдээ зохиох гэж байна.
Дэлхийн Раелийн хөдөлгөөн шинжлэх ухаан болон одон орон судлал, цаашлаад хамгийн гол сэдэв болсон харь гарагийнхны тухай 1973 оноос хойш судлан, хэлэлцэж ирсэн ашгийн бус байгууллага юм. 2016 онд Монголын Раелийн хөдөлгөөн харь гараг сонирхогчдын чуулга уулзалтыг хоёр өдрийн турш өрнүүн амжилттай зохион байгуулж, түүнээс хойш өдгөө гурав дахь жилдээ ирээд байгаа нь энэ.
Энэ жилийн хувьд чуулга уулзалт нэг өдөр зохиогдох бөгөөд урьд жилүүдийн хөтөлбөрийг аль болох давтахгүй байхыг эрмэлзэж буйгаараа онцлогтой. Мөн нэр бүхий хүндэт судлаач, эрдэмтдийг урьж оролцуулахаар тэд ажиллаж байгаа аж. Чуулга уулзалт ирэх сарын 6-нд болно.