Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр Мишээл экспо төвд болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломж олгож байгаа нь энэ.
Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно. Мөн есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон "Алтан намар" амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөг зохион байгуулна.