Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.БАТЦЭЦЭГ Б.ШООВДОР НАР МИНСКЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

 

 

Хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт боллоо. 48 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Азербайжан, АНУ, Беларусь, Болгар, БНХАУ, Туркменистан, Серб, Словак, Украин, ОХУ, Бразил, Колумб, Кыргызстан, Казахстан, Унгар, Македон, Монгол, Энэтхэг, Литва, Турк, Перу, Катар, Франц гэсэн 23 орны орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Харин манай улсаас гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайханы удирдлага дор эрэгтэй нэг, эмэгтэй таван тамирчин хүч үзсэнээс гурав нь медаль хүртлээ. Тодруулбал,
 

  • 59 кг-ын жинд ОУХМ Баатаржавын Шоовдор алт,
  • 57 кг-д “ ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг алт,
  • 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль тус тус хүртэв.


Б.Шоовдор Минскт 1/4 шигшээд Беларусийн Анастасья Хучокыг 6:0-ээр, хагас шигшээд ОХУ-ын Юлья Албороваг 6:3-аар, алтан медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Татьяна Омельченког 4:0-ээр тус тус ялснаар аваргын тавцанд зогссон юм.

55 кг-д Э.Даваачимэг эзэн орны Залина Сидакова, БНХАУ-ын Луо Ланнуаныг ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Мария Гуровад 6:7-гоор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Анастасья Ямененкаг оноогоор цэвэр (13:2) ялав.

А.Батцэцэг Минскт нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд 1/8 шигшээд АНУ-ын Бека Литерсийг, шөвгийн наймд  Энэтхэгийн Поожа Жандаг тус бүр оноогоор цэвэр, хагас шигшээд АНУ-ын хашир туршлагатай бөх Келси Кэмпбеллийг 9:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн ОХУ-ын Ольга Хорошавцева 4:1-ээр ялсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан