Манай улсын эдийн засаг, нийгэм өнгөрсөн сард ямар түвшинд байсан статистик гарлаа. Үүнээс мөнгө, зээлийн үзүүлэлтийг харвал мөнгөний нийлүүлэлт 17.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 2.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө наймдугаар сарын эцэст 927.5 тэрбум төгрөг болсон байна.
Тэгвэл аж ахуйн нэгжид олгосон зээл 15.9 их наяд төгрөгт хүрэв. Өнгөрсөн оныхтой харьцуулхад 2.7 их наяд төгрөгөөр өссөн аж. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1 их наяд төгрөг болж өнгөрсөн жилийнхээс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 6.4 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оныхоос 0.7 пунктээр буурсан дүн юм. Тэгвэл чанаргүй зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж 196.4 тэрбум төгрөгөөр өсөв. Иймд чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдэлийн 8.6 хувийг эзэлж өмнөх жилийнхээс 0.3 пунктээр буурсан дүн гарчээ.