Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион явуулж буй “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Өнөр бүл” хүүхдийн халамж, асрамжийн төвд “Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал” сэдэвт өдөрлөгийн зохион байгууллаа. “Өнөр бүл” төв нь 200 орчим хүүхэдтэй бөгөөд МХЕГ-ын улсын ахлах байцаагчид асрамж, халамжийн газарт тавигдах эрүүл ахуйн шаардлага, хоол хүнсний аюулгүй байдал, ариутгал халдваргүйтэл, угаалга цэвэрлэгээг хэрхэн хийх талаар нийт ажилтнуудад сургалт явуулсан юм.
Өдөрлөгийн үеэр “Сүүн шүдхэн” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, эмч Н.Дөлгөөн, шүдний эмч нар тус төвийн 7-18 насны хүүхдүүдэд шүдээ хэрхэн зөв угаах болон амны хөндийн эрүүл ахуйн сэдвээр сургалт хийж, 2-10 насны 86 хүүхдэд үзлэг хийж, шүдний хорхойдолтоос сэргийлэх фторт түрхлэгийг түрхэж, зөвлөгөө өгсөн юм. Мөн АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ч.Батсүрэн тус төвийн охидуудад “Охидын эрүүл мэнд, эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, тусгайлан уулзаж, зөвлөгөө өгөв.