Өнгөрсөн зургадугаар сард Өвөрмонголын хотуудаар явж “Өөрчлөлт шинэчлэлтийн 40” жилийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалттай нь танилцаж байв. Тухайн үед хийсэн сурвалжлагаас сэтгэлд тодхон үлдэж, Монголдоо нутагшуулах юмсан гэсэн хүсэл тээж ирсэн нэг зүйл нь цөлжилттэй тэмцэж буй арга хэлбэр нь байж билээ. Амьтан оршин тогтнох битгий хэл ургамал ургахад ч бэрх байсан элсэн манханг ой болгосон тэдний туршлага өдгөө улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна. 10 секундэд нэг мод тарьж, хэдэн мянган квадрат талбайг ой болгочихсон өвөрмонголчууд энэ удаагийн “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд манай улсад ирж бидэнтэй туршлагаа хуваалцаж байна.
Тэр бүр мэргэжилтнүүдтэй нь явж очоод уулзаад байж чаддаггүй манайханд бол энэ нь маш том боломж гэдгийг энд дурдах нь илүүц биз. Ямартай ч өчидгөр Байгаль дэлхийгээ хамгаалъя сэдвийн дор БНХАУ-ын ӨМӨЗО-ы ХААИС, Монгол Улсын ХААИС-ийн эрдэмтдийн хамтарсан лекц болж өнгөрөв. Хурлаар хөрш орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлд хийсэн ажил, туршлага, шинжлэх ухааны ахиц дэвшлийн талаар олон сонирхолтой лекц уншсан нь манай эрдэмтдэд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэсэн биз ээ.
Тухайлбал, Хятадын талаас “Экологийн том өгөгдлийг ашиглаж оновчтой нөхөн сэргээе”, “Цөлийн халхавч, цөлөөс сэргийлэх, цөлийг таслан зогсоох техникийн судалгаа”, “Тогтвортой бэлчээрт гэрийн тэжээвэр үйлдвэрлэлийн систем” сэдвийн хүрээнд лекц тавьсан. Харин манай эрдэмтэн багш нар “Монгол Улсын экологийн системийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага”, “Монгол Улсын цөлжилтийн өнөөгийн байдал-үнэлэлт болон зураглал” зэрэг сэдвийн дор мэдээллээ багцалсан байсан юм.
Манай улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газрын тодорхойлолтоор Монгол орны газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагт хамаарагдаж байгаа талаарх мэдээллийг манай эрдэмтэд өгсөн. Түүгээр ч зогсохгүй уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлт нь шаардлага хангадаггүй, хууль бусаар мод ашиглаж буй зэрэг олон асуудал цөлжилтөд нөлөөлж буй талаар ярьсан.
Харин Өвөрмонголын эрдэмтэн, судлаач багш нар 3,436 км газар цөлжиж байсныг нь 1,174 км газар болгож бууруулж чадсан туршлагаасаа хуваалцан ярив.
Хоёр орны олон эрдэмтэн багш нар оролцсон арга хэмжээний үеэр Өвөрмонголын ХААИС, Монгол Улсын ХААИС-ийн удирдлагууд хамтын ажиллагааны хэлэлцээ хийж, гэрээ байгуулснаар үйл ажиллагаа өндөрлөсөн. Энэ дашрамд сонирхуулахад, өчигдөр “Байгаль дэлхийгээ хамгаалъя-Хятадын Өвөрмонголын цөлжилтийг сэргийлж зассан парктикийн үзэсгэлэн” нээлтээ хийсэн байгаа. Энэхүү үзэсгэлэнг өнөөдөр үзэж сонирхох боломжтой юм.
А.АКЭРКЭ