Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол бүтээлийг хэвлүүлэх, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах явдал юм.
Өнгөрсөн жил гэхэд дэлхийн болон Дундад улсын шилдэг 40 цуврал үлгэрийг манай бяцхан уншигчдад бэлэглэсэн билээ. Харин энэ удаад тус хөтөлбөр нь “Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд дахин хэрэгжиж байна. Энэ удаагийн номын үзэсгэлэн болоод бяцхан уншигчдад маань ном гардуулах ажиллагаа Монголын хүүхдийн төв номын санд болсон.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монголын талаас БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Сэргэлэн, Гадаад харилцааны газрын дарга Ууганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Мөнхзул, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нараас гадна Хүүхдийн төв номын сангийн удирдлага, 21 аймгийн номын санчдын төлөөлөл, бяцхан уншигчид маань оролцов.
Энэ удаад Өвөрмонголын багачууд, хүүхдийн хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн 1500 багц, 15 мянган хүүхдийн ном бэлэглэв. Эдгээр номын нийт өртөг нь 300 сая төгрөг юм байна. Энэхүү арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр орны ном, хэвлэлийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөтгөж өгсөн гэж хэлж болохоор.
Нээлтийн арга хэмжээнд оролцсон БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Сэргэлэн “ӨМӨЗО-ы Өвөрмонголын багачууд, хүүхдийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр, 2017 оны Дорно, Дахины 20 шилдэг үлгэрийн номыг манай улсын Ерөнхий боловсролын сургуулиудын номын сан болон Нийтийн номын сангуудад хандивлажээ. Харин энэ удаад БНХАУ-ын алдарт зохиолч Шэнь Ши Сийгийн шилдэг 10 бүтээлийн эмхэтгэл болох "Дундад улсын одоо үеийн амьтны үлгэр" цуврал номыг Монгол Улсын нийтийн болон ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэж байна. Цаашид хоёр орны хүүхдэд зориулсан уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийг харилцан солилцох, хүүхдэд зориулсан ном хэвлэлд тавигдах шаардлага, стандартыг боловсруулах тал дээр туршлага судлах зэргээр үйл ажиллагаа маань улам илүү өргөжинө гэдэгт бид бүхэн найдаж байна” гэв.
А.АКЭРКЭ