БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” олон улсын лаборатор сургуульд энэ сарын 28-30-нд “Мон робот” тэмцээн зохион байгууллаа. Монгол Солонгос хүүхдүүдийн хооронд зохиосон уг тэмцээн нь энэ жил хоёр дахь удаагаа болж байгаа юм. Сургуулийн хаалгаар ороход цэнхэр өнгийн хантааз өмссөн хүүхдүүд холхино.
Тэмцээн аль хэдийнэ эхэлжээ. Гартаа мини робот барьсан хүүхдүүд “Одоо хоёрдугаар үйлдлийнхээ цагийг багасгая”, “Цагаа бичүүлсэн үү”, “Сая жаахан юманд гацчихлаа” хэмээн ярилцан хажуугаар өнгөрнө. Том ширээн дээр бэлдсэн “Green city” хэмээх байгууламж дээр роботоороо нийт долоон үйлдэл гүйцэтгэх аж. Хүүхдүүд нэг хийсэн үйлдлээ дахин дахин давтана. Тухайн үйлдлээ гүйцэтгэсэн хугацаагаа багасгаж байгаа нь энэ. Роботууд хэддүгээр үйлдлийг хийлгэх гэж байгаагаа тохируулаад л тавьчихна. Хэрэв зөв тооцоолсон бол робот нь үйлдлээ амжилттай гүйцэтгэх аж. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын оюун ухааны музейн захирал Түмэн-Өлзий ажилласан. “Одоо цаг бага үлдсэн тул хүүхдүүдээ бүх үйлдлээ хийж гүйцээгээрэй” хэмээн тэдэнд зөвлөнө.
Тэмцээнд 99 сурагч оролцсон. Ерөнхий боловсролын сургуулийн болон БСШУЯ-ны харьяа олон улсын лаборатор сургуулиудын 2012-2013 оны хичээлийн жилийн 9, 10, 11 дүгээр ангийн сурагчид, Солонгосын “Ансиан” технологийн сургуулийн ахлах ангийн сурагчид гээд Монголоос 66, Солонгос улсаас 33 сурагч оролцож байна. Тэмцээнээс өмнөх хоёр өдрийн сургалтыг Солонгосын есөн багш удирдан явуулсан бөгөөд Монголд болж буй уг тэмцээнд тус улсын Роботын холбооны гишүүд болон ивээн тэтгэгч нар хүрэлцэн иржээ.
Тэмцээн өндөрлөж хоёр орны хүүхдүүд бэлдсэн урлагийн үзүүлбэрүүдээ сонирхуулсны дараа шагнал гардуулах ажиллагаа болсон юм. Бүх үйлдлээ хамгийн богино хугацаанд гүйцэтгэж эхний байрт 29 дүгээр баг, хоёрдугаар байрт наймдугаар баг, гуравдугаар байрт 26 дугаар баг шалгарлаа.
Д.НАНДИН: РОБОТ МААНЬ ӨӨР ТИЙШЭЭ ЯВААД БАЙХААР САНДАРСАН
-Багийнхаа гишүүдийг танилцуулахгүй юу?
-Манай багийн дасгалжуулагчаар Хонг Юүн Бийн гэж солонгос охин, орчуулагч сурагчаар Минжин, Балжинням нар тэмцээнд оролцсон.
-Долоон үйлдлээ хийж дуусгахад хэцүү байв уу?
-Тийм ч хэцүү байгаагүй. Гэхдээ робот маань бодсоноос өөр тийшээ яваад байхаар жаахан сандарсан. Бүх үйлдлээ хийж дуусгахад цаг хангалттай байсан. Үйлдлүүдээ хийж дуусгаад үлдсэн хугацаанд нь зарим үйлдлийнхээ цагийг багасгах тал дээр анхаарсан.
-Найзууддаа амжилт гаргасан нууцаасаа хуваалцаач?
-Харж байхад хүүхдүүд нэг үйлдлээ дахин дахин хийгээд байсан. Тэгж байхаар бүх үйлдлээ эхлээд удаан ч гэсэн хийж гүйцэтгэчихээд дараа нь цагаа багасгах хэрэгтэй гэж хэлмээр байна.
Б.АМАРТҮВШИН: ТҮРҮҮ ЖИЛИЙНХЭЭС ХҮҮХДҮҮДИЙН МААНЬ АМЖИЛТ НЭМЭГДСЭН
/БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” олон улсын лаборатор сургуулийн захирал/
-Энэхүү тэмцээнийг Солонгосын талаас их анхаарч, ажиллаж буй нь харагдаж байна л даа?
-Тэгэлгүй яахав. Анх манайд Солонгосын талаас хамтран “Монробот” тэмцээнийг зохион байгуулах санал тавьсан. Түүнийг нь бид их баяртайгаар хүлээн авч, хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд хэрэглэх робот, техник хэрэгсэлийг Солонгосын талаас авч ирсэн.
-Тэмцээнд оролцож буй солонгос хүүхдүүд өмнө нь иймэрхүү тэмцээн уралдаанд орж байсан туршлагатай юм аа даа?
-Солонгосчууд Америк болон бусад оронтой хамтран роботын тэмцээнийг олон удаа зохион байгуулдаг. Тэдгээр тэмцээнд оролцож байсан туршлагатай хүүхдүүд энэ удаа ирсэн юм билээ. Нэг баг дөрвөн хүүхдээс бүрдэж байгаа. Нэг солонгос хүүхэд нь дасгалжуулагчийн үүрэгтэй. Нэг орчуулагч сурагч. Үлдсэн хоёр нь роботоо хийж, тэмцээнд оролцоно.
-Эдгээр роботоо хоёр өдрийн турш хүүхдүүд өөрсдөө хийсэн гэсэн. Солонгосын талаас заасан хичээлийг хүүхдүүд маань хэр хүлээж авч байна вэ?
-Анх Солонгосоос угсраагүй робот ирсэн. Хүүхдүүд маань хоёр өдрийн турш заалгасан хичээлийнхээ дүнд роботоо бүтээгээд, түүндээ программ зохиож суулгаад гурав дахь өдрөө зохиосон роботоороо заасан долоон үйлдлийг хийлгэж уралдлаа.
-Түрүү жилийнхтэй харьцуулбал амжилт нь ахисан байна уу?
-Мэдээж, маш сайжирсан. Түрүү жил долоон үйлдлээ бүрэн хийсэн ганцхан баг гарч байсан. Энэ удаа бүх үйлдлээ дуусгасан найман баг гарлаа. Энэ бол амжилт.
Ө.СҮХБААТАР: САЙДЫН НЭРЭМЖИТ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАМЖ БИЧИГТ ҮЗЭГЛЭЛЭЭ
/БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга/
-Өнөөдрийн тэмцээнд хэр ач холбогдол өгч байна вэ?
-Орчин үед дэлхий даяар техник, технологи эрчимтэй хөгжиж байна. Манай орон ч гэсэн үүнтэй хөл нийлүүлж алхахыг эрмэлздэг. Ийм тэмцээн уралдаанд Монголын хүүхдүүд олноороо оролцож байгаа нь цаашид энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд ач тустай. Робот бүтээх ажиллагаа Солонгост маш эрчимтэй хөгжиж байгаа. Тийм ч учраас бид энэхүү тэмцээнийг дэмжиж БСШУ-ны сайдын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулахаар Солонгосын талтай санамж бичигт гарын үсэг зурлаа.
-Тэгэхээр цаашид БСШУЯ-наас анхаарч ямар ажил хийхээр төлөвлөж байгаа бол?
-Бид тэмцээнд хэрэглэдэг роботоос Монголд авчирч “Шинэ эрин” сургуульд энэ чиглэлийн дугуйлан хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр хүүхүүд маань дараа дараагийн тэмцээндээ амжилтаа ахиулах боломжтой болно. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийг энэхүү уралдаанд оролцуулах чиглэлээр тодорхой ажил хийхээр төлөвлөсөн.
ЧОН ЮУН ЖИН: МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХАРААД БИД САНДАРСАН
/Солонгосын роботын холбооны технологи хариуцсан мэргэжилтэн/
-Роботын тэмцээнд оролцож буй монгол хүүхдүүдийн чадвар хэр байна вэ?
-Манай багш нар хоёр өдөр сургалт явуулах төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч эхний өдрийн сургалтын дараа монгол хүүхдүүд роботоо угсраад бүх зүйлээ сурчихсан. Тэгээд одоо юу заах вэ. Ямар хурдан сурдаг хүүхдүүд вэ гээд жаахан сандарсан. Монгол хүүхдүүд тогтоох чадвар маш сайтай, идэвхтэй, хичээл зүтгэлтэй юм билээ.
-Яагаад манай улстай хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бэ?
-Хамгийн анх АНУ-тай хамтран хоёр орны хүүхдүүдийн дунд роботын тэмцээн зохион байгуулсан. Дараа нь Вьетнам, Камбож зэрэг орон руу явахаар төлөвлөж байсан ч Монголд багшилдаг солонгос залуу бидэнд хандаж “Монголын хүүхдүүд үнэхээр чадвартай. Энд ирж тэмцээнээ зохион байгуулаач” гэдэг хүсэлтийг тавьсан. Тэгээд л хамтарч ажиллахаар болсон юм.
-Тэмцээнээс олж харсан таны ололт юу байв?
-Хоёр орны хүүхдүүдийг найзлаад өөрсдийнхөө хүссэн роботыг хийгээд уралдаж байгааг хараад энэ баяртай, жаргалтай үйл явдлыг Хойд Солонгосын хүүхдүүдтэй хуваалцмаар санагдсан.
-Гэхдээ хоёр Солонгос чинь хоорондоо жаахан түнжин муутай биз дээ?
-Тийм л дээ. Гэхдээ надад нэг санаа төрсөн. Монголын тал Хойд Солонгостой хамтран ажиллахаар зөвшөөрүүлж чадвал манай талаас материаллаг тал дээр нь дэмжээд өгч болох юм гэж бодлоо.