ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын ургацын урьдчилсан балансыг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1.2-1.8 дахин өссөн үзүүлэлт аж.
Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ багагүй, мөн наймдугаар сар хур тунадас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтыг технологийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж. Балансаар 450 мян/тн үр тариа, 425 мян/тн буудай, 151 мян/тн төмс, 95 мян/тн хүнсний ногоо, 30 мян/тн тосны ургамал, 86 мян/тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөж байна. Цаг агаарын болон бусад хүндрэл учрахгүй бол буудай төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой болно гэв. Ирэх жилийн тариалалтад зориулан 51 мян/тн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөж байна. Харин 330 мян/тн цэвэр хүнсний улаан буудайг хүн амын гурилын хэрэгцээг хангахад зориулж үйлдвэрлэл эрхлэгчдэд нийлүүлэхээр салбар хариуцсан яам төлөвлөжээ.
Өмнөх жилтэй харьцуулахад тариалалтын хэмжээ эрс нэмэгдсэн нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд итгэх тариаланчдын итгэлтэй холбоотой гэв. Тариаланчдын олон жил хүсэн хүлээж байсан тариалангийн бүсийг тогтоож, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард эцсийн шийдвэрийг гаргаж, ойн зурвас татах, хашаажуулах ажлыг улсын төсвөөр шат дараатай санхүүжүүлэн ажиллаж байна.