Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн Словак улсын Банска Бистрица хотноо 2018 оны 09 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд болно.
Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчид энэ сарын 31-нд Словак улсыг зорихоор бэлтгэлээ хангаж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ. Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нар ажиллаж байна. Улсын шигшээ багт ГТУА 22-р ангийн захирагч, ОУХМ О.Батсайхан, ГТУА 24-р ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 56-р ангийн аврагч ОУХМ Я.Энхбаяр, ГТУА 20-р ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 10-р ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 58-р ангийн аврагч, спортын мастер Э.Баттулга, ГТУА 58-р ангийн аврагч А.Эрдэнэбаяр, ГТУА 28-р ангийн аврагч Б.Наранбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Г.Дэлгэрдалай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал сөнөөгч, спортын мастер Н.Пүрэвдаш нар багтаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.