Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Индра: Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто зам санхүүжилт ороод ирвэл эхлэхэд бэлэн


Нийслэлийн ойр орчимд хүний амь нас, эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг гаймшгийн хэмжээнд хүрсэн хэд хэдэн зам байгаа. Үүний нэг нь Налайх-Улаанбаатар чиглэлийн зам юм. Налайх дүүргээс ажил, сургуульдаа ирэхээр хотын төв рүү зүтгэх хүн олон. Тиймээс уг чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх шаардлага бий болоод удаж байна. Замын эвдрэл гэмтлээс шалтгаалан тус зам дээр осол гэмтэл ихээр гарч, хүний эрүүл мэнд хохирсоор байна. Мөн уг зам хэт нарийнхнаас болж зарим ачаалалтай өдрүүдэд Налайхын зам дээр урт түгжрэл үүсэх болсон.

Налайхын замыг засварлах ажлыг 2009 оноос ярьж байсан ч санхүүжилтийн асуудал шийдэгдэлгүй 2018 онтой золгосон билээ. Харин 2018 онд БНХАУ-ын “Эксим” банкны тусгайлсан зээлийн хөрөнгөөр өнгөрсөн гуравдугаар сараас барьж эхлэхээр болсон. Гэвч өнөөг хүртэл замын бүтээн байгуулалтын ажил эхлээгүй, замын эвдрэл улам нэмэгдэж, түүнийг дагасан осол гэмтэл гарсан хэвээр байна.

Тиймээс уг замын ажил ямар шалтгааны улмаас эхлэхгүй байгаа талаар НАХГ-ын орлогч дарга Б.Индрагаас тодруулахад “Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын ТЭЗҮ, гэрээ хэлцэл, газар чөлөөлөлт зэрэг Монгол Улсын Засгийн газар болоод нийслэлээс хамааралтай ажлыг хийж дууссан. Үндсэндээ БНХАУ-ын “Эксим” банк тусгайлсан зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулахыг хүлээж байна. Санхүүжилт ороод ирвэл барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Тухайлбал, гүйцэтгэгч компани техник хэрэгсэл, ажиллах хүчин бэлэн болсон хүлээж байгаа. Ерөнхий гүйцэтгэгчээр нь Хятадын “Сино хидро”  компани ажиллаж, туслан гүйцэтгэгчээр Монголын 20 орчим компани ажиллахад бэлэн болоод байна. Ер нь “Эксим” банк гэрээгээ баталгаажуулчихвал замын ажил шууд эхэлж, 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалт хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа” гэв.

Улиастай гүүрнээс Налайх-Чойрын чиглэлийн зам нь нийслэлийн алслагдсан дүүргийг хотын төвтэй холбох гол гудамж замын нэгдүгээр ангиллын 20.9 км дөрвөн эгнээ бүхий авто зам юм байна.

Авто замын зорчих хэсэг нь 3.75 м дөрвөн эгнээ бөгөөд хоёр талаараа 2.7 м дугуйн болон явган замтай. Мөн авто замын голоор тусгаарлах зурвас бүхий гэрэлтүүлэгтэй байх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан