Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картыг дараах хуваариар олгоно


Хичээлийн шинэ эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ долоо хоногт зарим их, дээд сургуулийн хичээл орж эхэлсэн учраас нийслэлд оюутнуудын хөл хөдөлгөөн эрчимжиж байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд замын түгжрэл, ачаалал, оюутнуудын автобус, унааны хөнгөлөлтын асуудал хөндөгдөж байгаа юм.

Тиймээс Улаанбаатар смарт карт, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр, эрхлэлтийн газар хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн олгох сунгах талаар мэдээлэл хийлээ.

Өмнө жил 84 их, дээд сургуулийн 108.970 оюутанд нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих цахим картыг олгосон. Энэ жил ч мөн үеийнхтэй ойролцоо тооны оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим картыг олгоно хэмээн Нийслэлийн боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох хэлсэн.

Их, дээд сургуулиуд жил бүр оюутнуудынхаа мэдээллийг хугацаанаас нь хожуу эсвэл мэдээллийг дутуу өгч, хүндрэл учруулдаг учраас энэ жил их, дээд сургуулиудад Нийслэлийн боловсролын газраас нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт захиалах удирдамжийг эрт буюу зургадугаар сарын 26-нд хүргүүлсэн байна. Удирдамжид наймдугаар сарын 21-ээс шинэ элсэгчдийн нийтийн тээврээр зорчих эрхийн цахим карт захиалах мэдээллийг авч, наймдугаар сарын 29-нд Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэхийг үүрэг болгожээ.

Ингээд нийтийн тээврээр зорчих оюутнуудынхаа мэдээллийг хугацаанд нь өгсөн их, дээд сургуулиудын шинэ элсэгчид ирэх сарын 1-нд цахим картаа авч, мөн сарын 3-наас нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжтой юм байна. Харин 2-6 курсийн оюутнууд буюу нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийн цахим картаа сунгах оюутнууд есдүгээр сарын 3-10-ны хооронд сургуулийн сургалтын албандаа мэдээллээ өгөх аж. Гэвч одоогийн байдлаар аль ч их, дээд сургууль оюутнуудынхаа мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлээгүй байгаа. Энэ нь өмнөх жилүүдийн адил их, дээд сургуулиуд зэрэг зэрэг оюутнуудынхаа мэдээллийг өгч, ачаалал үүсгэж болзошгүй хэмээн Нийслэлийн боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох тайлбарлаж байсан юм.   

Харин Улаанбаатар смарт карт компаниас нийтийн тээврээр зорчих оюутнуудынхаа мэдээллийг бүрэн ирүүлсэн их, дээд сургуулиудын цахим картыг ажлын 2-8 хоногийн дотор гаргаж өгдөг байна.

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт захиалах арга

Шинээр карт захиалж буй оюутнууд /шинэ элсэгч/:

Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
Иргэний үнэмлэхийн хуулбар
Оршин суугаа газрын тодорхойлолт
3600 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг сургуулийнхаа оюутны албад өгөх.
Дахин захиалж буй оюутнууд /хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн/:

Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
Иргэний үнэмлэхийн хуулбар
Оршин суугаа газрын тодорхойлолт
4600 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг сургуулийнхаа оюутны албад өгөх.
Их дээд сургуулиуд:

Оюутнуудын бүрдүүлж өгсөн дээрх материалуудыг их, дээд сургууль, коллежууд хураан авч, мэдээллийг нэгтгэн баталгаажуулж,
Сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг
Нэрсийн жагсаалтыг цаасаар болон файлаар бэлтгэх
Холбогдох бичиг баримтуудын хамт Нийслэлийн Боловсролын газарт ирүүлнэ.
Харин явцын дунд буюу захиалга дууссанаас хойш картаа үрэгдүүлж, гэмтээсэн оюутнууд Улаанбаатар нэгдсэн үйлчилгээний дөрвөн цэгээс дахин захиалах боломжтой юм байна. Дахин захиалах төлбөр 3600 төгрөг, сунгалт хийлгэх тохиолдолд 1000 төгрөгийн хураамж төлнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан