Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Борооны улмаас тариа хэнзлэн ургаж байгаа тул ургац хураах зөвлөмж гаргажээ


Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ нилээд их байгаагийн зэрэгцээ 8 дугаар сар бүхэлдээ хур тундас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломж харагдаж байгаа юм. Тиймээс ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай шуурхай зохион байгуулахад зориулж ХХААХҮЯ, Улсын ургацын комисс, УГТХүрээлэнгээс тариаланчидад зөвлөмж хүргүүлжээ.

Нэг. 2018 оны үр тарианы болцын төлөв байдал

Тариа хураах арга хэмжээ нь тариаланчдын 2 жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд хураалтыг хугацаа алдалгүй, хаягдалгүй явуулах нь нэн тэргүүний асуудал юм.

Энэ жилийн хувьд тариалангийн төв бүсэд хаврын нөөц чийгээр үр соёолж бутлалт, гол хатгалтаас түрүүлэлтийн үе шатанд буюу 6-р сарын 2-р 10 хоног, зарим газар 3-р 10 хоногийг дуустал хур тунадас оролгүй, зуны сүүлчээр буюу 7, 8-р сард хур бороо элбэг байгаа нь үр тарианы болц өмнөх жилүүдтэй харьцуулбал жигд бус болж хураалтанд хүндрэл гарч болзошгүй байна.  

Одоогоор Төв болон Өндөрлөг уулын бүсийн үр тарианы болц хожуу явагдаж байгаагийн дээр бусад нутагт ч болц харилцан адилгүй алаг цоог байна. Эдгээр нутгуудад тариа  сүүн болцын төгсгөл шатанд явж байхад зарим нь аарцан болцондоо дөнгөж орж байгаагаас гадна тариа ерөнхийдөө өндөр, өтгөнөөс шалтгаалан болц нь оройтох магадлалтай байна. Тухайлбал нэг талбайд, нэг хугацаанд тариалагдсан үр тарианы болц 40-50 хувь нь аарцан болцын эхлэл шатандаа явагдаж байгаа буюу үрийн чийг 25-30 хувь байхад 20-30 хувь нь сүүн болцын төгсгөл шатанд буюу үрийн чийг 40-50 хувь, харин 10-20 хувь нь цэцэглэлтийн үе шатандаа ч явж байгаа тариа байна. Мөн буудайн болц алаг цоог буюу тарианы болц сүүн ба аарцан болцын үе шатанд явж байхад 7 сарын дундуур орсон бороо дахин хэнзлэлт үүсгэж нялхруулж байна.

Энэ байдал нь хураалт оройтох навчлалт ихтэй хог ургамал түрж урган, үтрэм дээр нойтон тариа буух намрын цочир хүйтрэлтэнд цохиулах, өндөрлөг сэрүүн болц оройтсон нутгуудад цасанд даруулах хүндрэл гарч болзошгүй нөхцөл үүсгэж байна.

Гэтэл Төвийн бүсийн эрт тариалсан талбайнууд эрт соёолсон боловч 5, 6-р сард бороо ороогүй гандсан тариалан бүхий зарим газруудад 7 сарын сүүл 8 сарын эхний 10 хоногийн халуунаар тариа механик болцондоо орж үр жижгэрэх төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэй.

Тариа хураалтыг богино хугацаанд хаягдалгүй хураахын тулд тарианы болц талбайн хогтолт, ургацын хэмжээ, ургамлын өндөр, өтгөн зэргийг цаг агаарын байдалтай уялдуулан ямар аргаар хураахыг төлөвлөж техникийн болон зохион байгуулалтын бэлтгэлээ хангана. Энэ жилийн хувьд үр тариаг үндсэн 2 аргаар хураана.

Хоёр:  2018 оны үр тариаг хураах зөвлөмж

 Ангилан хадаж цайруулах аргын нөхцөл:

Тарианы болц оройтсон, эсвэл хэт алаг цоог болцтой.
Өтгөн шигүү, өндөр ургасан
Хог ургамал ихтэй /хог ургамал хэт их нөхцөлд ангилан хадах шаардлага гарч болзошгүй/
Үр авах талбайг ангилан хадаж чанартай үр бэлтгэнэ.
Буудайг аарцан болцын төгсгөл үе буюу түрүүний өнгө зүс, хэлбэр хэмжээ бүрэн тогтсон, үрийн чийг 20-25 хувь хүрсэн, хумсаар дарахад зүсэгдэхгүй боловч бага зэрэг хонхойж мөр гарах үед мөрлөж хадна.

Хадалтын өндөр нь ургамлын өндөр, өтгөн сийрэгээс хамаарч 12-25 см байна. Хадсанаас хойш 5-7 хоногийн дараа тарианы түрүүн талаас цайруулна. Ангилсан тариаг мөрөн дээр нь 5-7 хоног хэвтүүлэхэд бороо орохгүй байх хугацааг сайн бодолцох хэрэгтэй. Мөрөн дээр нь олон хонуулах нь үрийг соёолуулж, үрийн чанар муутгах сөрөг талтай учир аль болох цөөн хоногт цайруулах хэрэгтэй. Ангилсан тарианы үрийн чийг хур тунадас багатай жил хоногт 1.65-0.9 хувиар буурч байхад хур тунадас ихтэй жилүүдэд 0-1.0 хувь чийг буурдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан